“Би зөвхөн Монгол хүүхэд л баймаар байна”

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

“Би зөвхөн Монгол хүүхэд л баймаар байна”

“Би зөвхөн Монгол хүүхэд л баймаар байна”

Сурагчдын зуны амралт эхлээд аль хэдийн сар гаран болжээ. Гадаа цэцэрлэгт хүрээлэнд тоглох хүүхдүүд хоорондоо найзлан, энэ тэрийгээр гүйлдэн, их л зугаатай харагдана. Тэдний дотор нэгэн “гадаад” хүүхэд тоглож байлаа. Шар үс, цэнхэр нүд, махлаг бие гээд яг л орос хүү байна гэж би бодлоо.

Монголд яагаад ирсэн, юу нь таалагдаж байгаа талаар асуухаар яриа эхэлтэл “ээжээ” гээд эх хэлээр минь ярив. Хажууханд байсан бор царай, онигор нүдтэй Монгол эмэгтэй хүүгийн ээж нь юмсанжээ. Тэгэхэд л би хүүг Монгол хэлээр ярисаныг гайхахаа болилоо. Харин ээжээс нь “Танай хүүтэй хэдэн хором ярилцаж болох уу” хэмээн зөвшөөрөл хүсэхэд “Болноо, харин тэр сайн яриж чадах юм уу даа” гэв. Ингээд л бид хоёрын гэнэн, цагаахан ярилцлага эхлэв.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Девелин Жеймс Томо гэдэг. Би дөрөвдүгээр сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, долоон настай.

-Гэртээ хэдүүлээ амьдардаг, аав ээжийг нь хэн гэдэг вэ?

-Манай аав америк, нэрийг нь мэдэхгүй. Харин өвөөг маань Болд, ээжийг Нараа гэдэг.

-Монголд төрсөн үү, урьд нь хаана амьдарч байсан бэ?

-Би Монголд төрөөд тэгээд АНУ явсан. Тэнд амьдарч байгаад Монголд ирээд тоогүй жил болж байгаа

-Тоогүй гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Олон жил болж байгаа. (ээж нь хажуунаас нь тайлбарлав) Гэхдээ би Америкийг мартсан л даа. Ээж л намайг далайн хажууд байсан гэж ярьдаг.

-Англи хэл мэдэх үү?

-Бага зэрэг л мэднэ. Дуу, шүлэг л цээжилж байгаа.

-Хамт тоглож байгаа найз нар чинь чамайг гадаадаас ирсэн үү гэж асуудаг уу?

-Надаас чи Орос уу, Америк уу гэж асуудаг.

-Тэгэхээр нь чи юу гэж хариулдаг вэ?

-Монгол гэж хариулдаг. Би зөвхөн Монгол хүүхэд л болмоор байна

-Яагаад?

-Яагаад гэвэл Монгол хүүхэд Америк, Оросоос илүү “Янзтай” гэж бодоод байна. Гэхдээ зарим хүүхдүүд намайг шоолоод гомдоогоод байдаг. Би гомдохгүй гэж боддог. Хамтдаа олуулаа тоглох гоё.

-Чи Монголоор их сайн ярьдаг юм байна?

-Тийм ээ, гэхдээ багш маань жаахан муу байна, зуныхаа амралтаар ном сайн уншаарай гэсэн.

-Тэгээд ном уншиж байгаа юу, зуны амралтаа яаж өнгөрүүлж байна?

-Өглөө босоод цайгаа уучихаад ном уншиж байгаа. Бас ээжийнхээ ажилд очиж туслана. Өөр хийх ажилгүй бол энд ирж тоглодог. Манай гэр энүүхэнд ойрхон байгаа.

-Ээж нь ямар ажил хийдэг юм бэ?

-Манай ээж цэцэг, ногоо тарьдаг. Услаад л байвал улам гоё ургана. Би бас усалдаг. “Цэцэг тасалж болохгүй, зүлэг дээгүүр битгий гишгээрэй” гэж ээж дандаа хэлдэг.

-Өөр ээж нь юу гэж сургадаг вэ?

-Алхаад, гүйгээд л байвал том булчинтай болно гэсэн. Тэгвэл өвдөхгүй. Би хөөцөлдөж, гүйж, барилдаж тоглох дуртай. Саяхан энэ тоглоомын талбайд хэдэн хүүхэдтэй барилдаад би аварга болсон. Өргөж аваад унагачихсан, хүчтэй байгаа биз?

-Тийм байна. Чи том болоод ямар хүн болно гэж боддог вэ?

-Ээж шигээ цэцэг тарьдаг, усалдаг хүн болно. Яагаад гэвэл их цэцэг, ногоо тарьвал манай хот улам гоё харагдана. Хүмүүс баярлаад инээнэ шүү дээ.

-Удахгүй наадам болно, чи энэ баярыг мэдэх үү?

-Мэднэ ээ, нүүрэн дээр зураг зурдаг баяр. Түрүү жил ээж бид хоёр явж, нүүрэндээ өнгө өнгийн будгаар дөрвөлжин юм зуруулсан. Юу билээ ээжээ? (Төрийн далбаа гэж ээж нь хэлэв)

-Өөр наадмын тухай юу мэдэх вэ?

-Хуушуур иддэг. Гэхдээ би будаатай шөл, цуйванд илүү дуртай. Америкийн таргалуулдаг хоолонд дургүй ээ. Бас энэ баяраар морь унасан хүүхдүүд уралддаг. Морь унахыг би маш их хүсч байгаа. Даанч надад морь байхгүй.

-Монгол хүн байна даа, морь унаж сураарай?

-За. Жаахан том болчихоод унанаа. Нээрээ би бас зураг зурах дуртай. Морь зурмаар л байдаг юм. Өвөө маань харин шатар тоглоод л байна. Надад морь зурахыг зааж өгөөсэй гэж их боддог шүү.

Жеймс хүүгийн аав хэдэн жилийн өмнө өөд болжээ. Хүү Монголд төрөөд АНУ-д очиж, аав ээжтэйгээ амьдарсан боловч, аавыгаа алдсаны дараа эргээд ээжтэйгээ Монголд иржээ. Гадна төрх нь аавыгаа дуурайсан боловч дотор хүн нь яг л Монгол байлаа.

“Би зөвхөн Монгол хүүхэд л болмоор байна” гээд цагаахнаар ярих тэр даанч Монгол паспорт авч чадахгүй. Учир нь, Монгол улс хоёр иргэншилтэй байхыг хүлээн зөвшөөрдөггүй. Америкт аав ээжтэйгээ амьдарч байхдаа тэндхийн иргэншил авсан учраас одоо түүнийг давхар Монголын иргэн болгохгүй. “Америкт ногоон карт байдаг шиг энд төрж, өссөн Монгол ээжтэй миний хүүд ногоон карт эсвэл хоёр иргэншилийг хүлээн зөвшөөрч өгөөсэй. Иргэний үнэмлэх авах болоход Америкийн иргэн гээд өгөхгүй шүү дээ. Тэр үед бид хоёр буцаад л Америк явах байх даа” хэмээн хүүгийн ээж Нараа хэлж байсан юм.

Монгол улсад ийм нөхцөл байдалтай хүүхэд хичнээн байдаг бол… Зөвхөн Монгол аав ээжтэй л бол Монголын иргэн болдог юм биш. Энд төрж, өссөн Монголоо гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй, хэлтэй бол тэр Монгол хүн гэж би боддог. Жеймс хүү иргэний үнэмлэх аваагүй байлаа ч тэр яах аргагүй Монгол хүн.

Ц.Ариунзаяа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
181
ЗөвЗөв
14
ГайхмаарГайхмаар
13
ХарамсалтайХарамсалтай
11
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж