Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн Улаанбаатарын яриа хэлэлцээр санаачилгын хүрээнд “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр” олон улсын эрдэм шинжилгээний хурал манай улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Уг хурлын нээлтэд УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцож, өнгөрөгч жил Монгол Улсын дотоод, гадаад амьдралд гарсан сонирхол татахуйц үйл явдал, өрнөл хөгжлийн талаар өөрийн санал бодлыг хуралд оролцогчидтой хуваалцсан юм.
Тухайлбал, хоёр хөрш орны төрийн тэргүүн болон БНЭУ-ын Ерөнхий сайдын айлчлал, Япон Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан, мөн ирэх онд Ази, Европын дээд төвшний уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах эрх авсан, энэ 9 дүгээр сард ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганыг зохион байгуулахаар болсон зэрэг үйл явдлыг тэрбээр чухалчлан дурдсан. Эдгээр үйл явдал нь бүс нутгийн хөрш орнууд, олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх томоохон боломж мөн хэмээн дүгнэсэн юм.
Түүнчлэн, энэ онд Монгол Улсад ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд хүрсэн ахиц дэвшил, туршлага сургамжаа үнэлж цэгнэх, парламентын ардчиллыг цаашид бэхжүүлэх арга замыг судлах үе тохиож байгааг УИХ-ын гишүүн М.Батчимэг мөн хэллээ. Улс орны хөгжил дэвшлийн үндсийг засаглал хэмээн үзэж, засаглалыг хөгжүүлэх чиглэлээр шаардлагатай алхамуудыг хийх, тухайлбал Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөх оруулах асуудлыг судлан үзэж байна хэмээн УИХ-ын гишүүн М.Батчимэг дурдсан юм.
Ийнхүү УИХ-ын М.Батчимэг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр” олон улсын эрдэм шинжилгээний хуралд өмнө оролцож байсан болон шинэ анд нөхөддөө Улаанбаатар хотноо дахиж олон удаа уулзахын ерөөл дэвшүүлж, Монголд тавтай морилохыг хүссэнээр үгээ өндөрлөлөө.
Уг хурлыг ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн, Гадаад хэргийн яам хамтран бүс нутгийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдал, эрчим хүч, хамтын ажиллагааны асуудлаар зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европ, Америк тивийн 50 гаруй эрдэмтэн судлаачид, олон улсад нэр хүнд бүхий шинжээчид оролцож байна.