Оросын агаарын тээврийн S7 Airlines компани зорчигчдын царайгаар таних технологийг туршилтын журмаар эхлүүллээ. Туршилтыг Москва хотын "Домодедово" онгоцны буудалд хийж байгаа хэмээн тус компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Туршилт одоогийн байдлаар дотоодын нислэгийн бизнес ангиллын зорчигдын дунд хийгдэж байгаа аж.
“Зорчигчдыг царайгаар таньж, зохих үйлчилгээг сонгох гол зорилготой энэхүү системийг туршиж байна. Цаашдаа манай зорчигчид онгоцны буудлын хаалгаар ороод онгоцонд суух хүртлээ бүртгүүлж, зорчигчийн талон авалгүйгээр шууд онгоцондоо суух боломжийг энэ систем олгоно гэж найдаж байна. Технологийн хувьд энэ бол боломжтой зүйл” хэмээн S7 Group компанийн Технологийн асуудал хариуцсан дэд захирал Павел Воронин РИА Новости агентлагийн сурвалжлагчид хэлсэн байна.
Компанийн мэдэгдсэнээр зөвхөн зорчигч зөвшөөрсөн нөхцөлд гэрэл зургийг нь царай таних програмын санах ойд оруулж байгаа ажээ.
Энэ туршилтад оролцох хүсэлтэй зорчигчид “Домодедово” буудлын S7 Airlines компанийн нислэгийн бүртгэлийн 104, 105, 106 цонхуудад очин, гэрэл зургаа авахуулж, санах ойн архивт оруулж болох ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ