Путинд өгсөн Берлусконийн амлалт

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Путинд өгсөн Берлусконийн амлалт

Путинд өгсөн Берлусконийн амлалт

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Италид айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайд асан, “Урагшаа, Итали” намын дарга Сильвио Берлусконитой нууц хэлэлцээ хийжээ. Владимир Путин, Сильвио Берлускони нар Ромын нисэх онгоцны буудал дээр ямар нэг зүйлийн талаар аминчлан ярилцаж буй нь сэтгүүлчдийн анхаарлаас ангид байгаагүй аж.

Тэдний хэлэлцээ удаан үргэлжлээгүй бөгөөд энэ талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй байна. Яриа хэлэлцээний үеэр Путин, Берлускони хоёрын хэн хэн нь ихэд тайван байжээ. Тэдний хувьд он удаан жил нөхөрлөж буй юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд Италийн Ерөнхий сайд асан Крымд айлчилж байв.

Путин Берлусконийн мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлдэг бөгөөд түүнийг олон улсын тавцанд өөрийн орны ашиг сонирхлыг хамгаалж буй дэлхийн хэмжээний улстөрч хэмээн нэрлэдэг байна.

Путины хэлснээр, тэрбээр Берлусконитой уулзах нь ховор бөгөөд ийм боломж олдмогц хоёул аль болох дотоодын улс төрийн амьдралын талаар ярихгүй байхыг хүсдэг аж. Ирэх есдүгээр сард Сильвио Берлускони 83 хүрэх юм байна. Өнгөрсөн тавдугаар сард тэрбээр Милан хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, гэдэсний мэс засал хийлгэжээ. Энэ талаар HCH мэдээлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 4-ний өдөр Ватиканд айлчилж, Ромын пап ламтан Францикстай уулзаж, тэд харилцан бэлэг солилцсон билээ.

Сильвио Берлускони ОХУ-ын Ерөнхиийлөгч Владимир Путинд, Европарламентад ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлуулахаар ажиллахаа амалсан байна.

Италийн улстөрчийн хэлснээр, Путин хэдийгээр Италид албан ёсны айлчлал хийж байсан ч өөртэй нь уулзах цаг зав гаргажээ. Энэ нь тэдний нөхөрлөлийн нотолгоо юм хэмээн хэвлэлд мэдээлсэн байна.

Берлускони “Il Giornale”-д өгсөн ярилцлагадаа "Мэдээжийн хэрэг, миний хувьд ОХУ-ын эсрэг авсан Европын холбооны хоригийг цуцлуулахын төлөө ажиллана. Путин миний байр суурийг мэддэг, үнэлдэг” гэж өгүүлжээ.

Мөн тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхий сайд асан Маттео Сальвинитэй сайн харилцаатай байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэсэн байна.

Италийн улстөрч "Орос, Итали улсын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж байгаа бүх зүйл манай оронд сайнаар нөлөөлж байна" гэж тэмдэглэжээ.

Өмнө нь буюу 2015 онд Путин Италид айлчлахын өмнө "IL Corriere della Sera" сонинд ярилцлага өгөхдөө Итали бол эрчим хүчний хэмжээгээрээ манай гурав дахь томоохон худалдан авагч. Бид өндөр төвшний техник технологийн хүрээнд, тухайлбал, сансар, нисэх хүчний аж үйлдвэр, бас бус олон салбарт хамтран ажилладаг. Орос, Итали орны муж, хөдөө орон нутгууд ч өөр хоорондоо хангалттай идэвхтэй хамтран ажиллаж байна.

НАТО-ОХУ-ын зөвлөл байгуулахыг Итали улс л санаачилсан. Италийн санаачлагаар энэ зөвлөл байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ байгууллага Европын аюулгүй байдлыг хангаж байгаа. Энэ ч утгаараа ОХУ болон НАТО-гийн харилцааны хөгжилд Итали улс хувь нэмрээ оруулсан, оруулсаар ч байна. Би энд бидний соёл болон хүмүүнлэгийн хүрээний хамтын ажиллагааны талаар дурдалгүй орхиё. Энэ бүгд мэдээж Орос, Италийн харилцааны үндсийг тавьж байна. Манай Италийн хамтрагчид цаашдаа хэр харилцаа холбоогоо хөгжүүлнэ тэр хэмжээгээр бид хариу барьж, цааш хамт явахад бэлэн байна" гэж ярьжээ.

Мөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Италийн Ерөнхий сайд асан С.Берлускони нар Крымын хойгийн хамгийн эртний дарсыг задалж хүртсэн нь багагүй хэл ам дагуулсан билээ.

Хоёр эрхмийн уусан дарс 240 жилийн настай бөгөөд 18 дугаар зуунд буюу Их Екатеринагийн үед түшмэл Михайл Воронцов Испаниас Крымд авчирч байжээ. Дарсанд дуртай түшмэл үүгээрээ Крымийн захирагчийг дайлдаг байсан аж.

Энэхүү дарсны үлдэгдэл өнөөг хүртэл Массандра нэртэй дарсны аж ахуйд хадгалагдаж байгаа бөгөөд Крымийг Орос авах үед Оросын мэдэлд шилжжээ.

Берлускони Крымд хийсэн айлчлалынхаа үеэр энэ дарснаас амсах боломжийг асууж байсан бөгөөд Массандрагийн захирал Янина Павленко 1775 оны нэг лонх Jeres de la Frontera дарсыг задалж дайлсан байна.

Дарсны үнэ 90 мянган ам.доллар хүрэх аж. Крымийг эзлэх үед таван лонх ийм дарс үлдээд байснаас 1990, 2001 онуудад хоёр лонхыг Sotheby’s дуудлага худалдаагаар худалджээ.

2001 онд зарагдсан дарс нь $50,000 хүрсэн бөгөөд тухайн үеийн Украины Ерөнхийлөгч Леонид Кучмагийн зөвшөөрлөөр зарсан байна. 2014 оны зун Массандра нь Европын Холбооны тавьсан хориг арга хэмжээнд хамрагджээ.

Эх сурвалж: Rambler, Worldpronews.ru 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж