“Их цэвэрлэгээ”-ний эсрэг оюунлаг хэсгийнхэн дуугарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

“Их цэвэрлэгээ”-ний эсрэг оюунлаг хэсгийнхэн дуугарч эхэллээ

“Их цэвэрлэгээ”-ний эсрэг оюунлаг хэсгийнхэн дуугарч эхэллээ

Transparency International байгууллага өнгөрсөн Пүрэв гаригт /2019.07.04/ Монгол улсад хандан мэдэгдэл гаргасан байна. Монгол улс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмждөө үндэслэн 17 шүүгчийн бүрэн эрхийг цуцалсан шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 26-ны өдөр гаргасанд тус байгууллага ихээхэн санаа зовинож байгаагаа илэрхийлжээ.

“Монгол улс аюултай чиглэлд замнаж байна. Ердөө нэг сарын хугацаанд НҮБ тусгай тайлан гаргаж, улс орнууд шүүх засаглал руу улс төрийн аргаар нөлөөлөхийг зогсоохыг уриалсан. 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн болон АТГ-ын даргыг чөлөөлсөн үйл явц нь Монгол улсын авлигатай хийж ирсэн тэмцлийн амжилтыг бүдгэрүүлж байна” хэмээн Transparency International байгууллагын тэргүүн Делла Феррейра Рубио хэлснийг цахим хуудсандаа нийтэлжээ.

Шударга, хараат бус шүүхтэй байх нь ардчилал бэхжих үндсэн зарчмуудын нэг. Зөв бурууг зөвхөн хуулиар удирдуулсан шүүх шүүн тунгаах учиртай. Харин Монгол улс шүүхтэй эн зэрэгцэхүйц нэг субъект гарч ирсэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэл зориг шингэсэн нэгэн хуулийн өөрчлөлтүүдийг УИХ баталж өгсөн нь Монголд бас нэгэн шүүх эрх мэдэлтэй байгууллагыг бий болгосон. Энэ нь хэрвээ Үндэсний байдлын зөвлөл зөвлөмж гаргавал шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагыг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болох хуулиудыг МАН-ын үнэмлэхүй олонх бүхий Г.Занданшатарын толгойлсон УИХ энэ оны гуравдугаар сарын 27-ний өдөр ээлжит бус чуулганаар баталсан. Энэ хууль батлагдмагц АТГ-ын дарга Х.Энхжаргал, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг нарыг хууль батлагдсаныг маргааш өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар огцруулсан.

АТГ, прокурор, Дээд шүүхийн удирдлага нь хуулийн хугацаатай томилогддог албан тушаалууд бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга үүрэгт ажилдаа орсон цагаас эдгээр албан тушаалтныг хугацаанаас нь өмнө чөлөөлөх гэж нэг бус удаа оролдсон. Үүдээр орж чадахгүй бол тооноор орно гэгчээр эцэст нь УИХ-ын даргыг сольж байж хуульд өөрчлөлт оруулан шүүх, прокурор, АТГ-ыг “залах” замаа зассан. “Төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах оролдлого”, “ардчиллыг уландаа гишгэсэн хэрэг”, “дарангуйлал тогтоохыг оролдлоо”, “шүүх эрх мэдэлд халдлаа” хэмээн судлаачид, хуульчид хангалттай хэлж, бичиж байр сууриа илэрхийлсэн ч тусыг олоогүй.

Шүүх эрх мэдэл рүү халдсан Ерөнхийлөгчийн дараагийн алхам нь 17 шүүгчийн эрхийг цуцалсан явдал болсон. Энэ 17 шүүгч дунд өөрийнх зарлигаар томилогдоод 20 хоноод эрхээ цуцлуулсан шүүгч хүртэл байгаа нь энэ үнэхээр “их цэвэрлэгээ” байсан гэдэгт эргэлзэхэд хүргэж байгаа юм. Ерөнхийлөгч үнэхээр авлигатай тэмцэх гээд хүчин мөхөсдөөд байв уу, үнэхээр дампуурсан салбарт “их цэвэрлэгээ” хийх гээд байна уу, үгүй юу. Үгүй гэдгийг түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш аавын хаалга татаад гараад ирсэн хоёр Ерөнхий сайдын үгэн өчиг нотоллоо. Энэ нь  Ерөнхий сайд асан М.Энхсайханы хууль бусаар хоригдсон 48 цагийнхаа тухай бичсэн нийтлэл, мөн Ерөнхий сайд асан С.Баярын хоёр сар хуулийн дагуу боловч үнэндээ хууль бусаар саатуулагдсан тухайгаа бичсэн “Жаран хоног, “жаран”-ы бутархай” ном юм.

Монголын улс төрийн хоёр том нам болох АН-ын төлөөлөл М.Энхсайхан, одоо эрх барьж буй МАН-ын төлөөлөл С.Баяр нарын өчиг олон улсын байгууллагаас Монголд өгч буй сануулгатай агуулга давхцаж байгааг хэлэхэд илүүц биз.

Хоёр Ерөнхий сайдын үгэн өчиг, мөн ардчилсан хүчний хуучны лидерүүд болох Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Б.Батбаяр, Да.Ганболд, Р.Амаржаргал нар нэгдэж байгаагаа зарласан нь “их цэвэрлэгээ”-ний эсрэг “их цэвэрлэгээ”-ний эхлэл байлаа. Нийгмийг түүчээлэх учиртай оюунлаг хэсэг ийнхүү нэг цэг дээр нэгдэх нь үгүйлэгдэж байсан гарц юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
76
ТэнэглэлТэнэглэл
35
ЗөвЗөв
11
ХахаХаха
9
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж