Х.Баттулга: Би Роллс Ройс унахаас ичдэг

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Би Роллс Ройс унахаас ичдэг

Зураач мэргэжилтэй, дунд боловсролтой, спортсмен, тэгэх тэгэхдээ Дэлхийн аварга, Дэлхийн цомоос хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авьсан Гавьяат тамирчин, ерэн оны бужигнаан дунд ганзага үүрч, гахай зөөж явсан Алтан үеийн наймаачин, анхны аж ахуйн нэгжүүдийн нэг “Женко” компанийг үүсгэн байгуулагч, хожмоо улс төрд орж, амжилттай, ард түмний хайртай төрийн түшээ болсон, өдгөө улс төрчийн хувьд мөчлөгийн үеэ туулж буй, хоёр ч яам толгойлж, сүүлд өөрийн саналаар Засгаас гарсан гээд товчхондоо тун ч сонирхолтой фигур.

 

Иймээс түүнээс асуух асуулт их байсан. Иймдээ ч уртаас урт ярилцлага болсон.

 

-“Женко” группийн бизнесийн хамгийн том хөрөнгө оруулагч, түншлэгч нь Сингапур улс гэдэг. Тийм үү?

 

-Уг нь “Женко” групп гэж байдаггүй юм ш дээ. Харин олимп, дэлхийн аваргуудыг төрүүлсэн “Женко” клуб гэж бий. Жудо бөхийн клуб. Хамгийн зартай нь энэ клуб атал энэ талаар хэвлэлүүд ерөөсөө бичдэггүй /инээв/.

 

Сингапурын тухайд сонингоор л тэгж бичээд байдгаас одоо бол манай ямар ч бизнес партнер Сингапурт байхгүй. Миний бизнесийн гараа Сингагаас эхэлсэн нь үнэн. Тэр үед манайхан Хятад, Орос, Хятад Унгарын хооронд ганзага хийж байсан. Югослав хүртэл явж байлаа. Дараа нь Сингапур Хятад хоёрын хооронд бараа зөөгөөд дараа нь Сингапураас Монгол руу электрон бараа зөөсөн. Түншүүд байсан. Бизнесээ хамт эхэлсэн ч гэлээ сүүлд тус тусдаа гарч, салцгаасан.

 

-Били гэж хэн бэ? Нэр нь таньтай холбогдож их яригддаг?

 

-Били чинь анх монголчуудыг Сингад очиход угтаж аваад, буудалд буулгаад бизнес хийдэг байсан. Олон монголчууд мэднэ дээ, ялангуяа урлагийнхан их сайн мэднэ. DVD, CD-г нь их спонсорлож өгч байсан нөхөр. Олон ч монголчуудыг эмнэлэгт үзүүлж, эмчилсэн. Бид хоёр бизнес хийхээ болиод удаж байгаа. Нөхөрлөлийн хэмжээ, хамтарч бизнес хийх хоёр их өөр харьцаа л даа.

 

-“Женко” группийн үндэс суурийг тавьсан наймаа чинь юу байсан бэ?

 

-Юм оёж зарж байсан үе. Бизнес хийхээсээ өмнө 16, 17, 18-тайдаа аягүй их юм оёдог байсан юм. Хорьтойдоо бараг л 13 мянган төгрөгтэй болчихсон байсан. Тэгэхэд хуучин “Лада” 5000-8000 төгрөгийн үнэтэй байсан гээд бод л доо. Хорин настайдаа хадгаламжиндаа тийм мөнгөтэй байсан гэсэн үг. Хорин настай хүүхэд ямар нэгэн байдлаар хулгай дээрэм хийхгүй, яг л хөдөлмөрөөрөө олно. Юм оёсон, зарсан. Тэр үе л их тийм хэцүү ч гэх юм уу үе байсан. Хүмүүс үсэг, шошготой, цоолбортой юм өмсөх их дуртай. Тэгээд л оёсон юман дээрээ цоолбор хийгээд, үсэг, шошго наана. Барууны хэв маягийг дуурайлгаж байгаа нь тэр. Тэрийг хүмүүс их шохоорхно.

 

-Таныг нээрээ дээд боловсролын дипломгүй цорын ганц улс төрч л гээд байдаг. Ямар санагддаг вэ?

 

-Үнэн юм чинь /инээв/. Худлаа ярьвал дороо баригдана шд. Манай ангийнхан, багш харж байгаа. Тэгээд ч миний хувьд намтраа худлаа бичнэ гэдэг.. би лав өөрөө хүлээн зөвшөөрөхгүй ээ.

 

-Хүмүүс мөнгөтэй болмогцоо л нэг сургуульд бүртгүүлэх ч юмуу эсвэл диплом худалдаад авчихдаг.

 

-Диплом худалдаж авах чинь миний үед аймаар элбэг байсан юм. Ёстой дуртай сургуулиа авна. Би яасан юм бүү мэд, дараа хэрэг болно гэж бодоогүй л юм шиг байгаа юм.

 

-Танд өртэй хүн байна уу?

 

-Зөндөө хүн байгаа. Мөнгөний, сэтгэлийн …

 

-Өрөө төлөх юм уу?

 

-Хэцүү ш дээ. Үндсэндээ ийм болчихож байгаа юм л даа. Би гэр бүлтэйгээ сайхан амьдарлаа гэхэд энэ орчин тойрныг яах юм гэдэг асуудал их олон жилийн өмнө толгой дээр буучихсан. “Роллс Ройлс” унаад явах гэхээр ичээд байдаг юм …

 

Эх сурвалж: www.vip76.mn

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж