Төв аймгийн нутаг Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын шинэ нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн ажил 13 жил дамнасны эцэст ашиглалтад ороход бэлэн болсон ч үүдээ нээх болоогүй байна. Төлөвлөгөө ёсоор бол 2018 оны есдүгээр сард албан ёсны нээлтээ хийх байсан ч зорчигчдоо хүлээн авах хугацаа дахин 10 сараар хойшилжээ. Учир нь, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Консорциум SPV” буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК төслийг хэрэгжүүлэхээр болж, концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган нисэх буудлын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Концессын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, Япон, Монголын хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл гарын үсэг зурах ёслолын ажиллагаа долдугаар сарын 5-нд болсон юм.
ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ АШИГЛАЛТАД ОРВОЛ 30 МЯНГАН ОРШИН СУУГЧТАЙ ДАГУУЛ ХОТТОЙ БОЛНО
Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ:
– Энэхүү олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор 30 мянга гаруй оршин суугчтай дагуул хот байгуулагдаж, эдийн засгийн хөгжлийн шинэ үндэс тавигдах эхлэл бий болно. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал нь хоёр орны найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг болохын зэрэгцээ Монгол Японы стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, бүс нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна.
НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 10 САРЫН ДАРАА ЖИГДЭРНЭ
Зам тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН:
-Энэ бол Монгол, Япон хоёр улсын түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болж байна. Нисэх буудлын үйл ажиллагаа 10 сарын дараа жигдэрсэн байх болно. Туршилт, тохируулгын ажлаас эхлээд гадна, дотнын сургалт, нисэхийн авиа компаниуд нүүж ирэх гээд энэ бүхэн явагдаж дуусаад бүрэн хүчин чадлаараа ажиллана. Менежментийн үйл ажиллагааг Японы тал хариуцаж ажиллана. Энэ бол Монгол Улсад нисэх буудлуудыг удирдах менежментийн арга барилд суралцана, шинэ ноухау нэвтэрнэ гэсэн үг. Япон чанар, япон технологи нэвтэрнэ гэсэн үг.
АГААРЫН ҮҮД ХААЛГЫГ НЭЭСНЭЭРЭЭ МАНАЙ ХОЁР УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ УЛАМ БАТЖИНА
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ТАХАОКА МАСАТО:
-Шинэ нисэх онгоцны буудлын менежментийн гэрээнд гарын үсэг зурсандаа туйлын их баяртай байна. Япон, Монгол хоёр улсын найрамдалт харилцаа эртнээс уламжлалтай. Өнөөдрийн шинэ нисэх онгоцны буудал нь үүний томоохон илрэл. Агаарын үүд хаалгыг нээснээрээ манай хоёр улсын стратегийн түншлэл улам батжиж, хөгжих болно. Шинэ нисэх онгоцны буудал аюулгүй, саадгүй нислэгийн үйл ажиллагааг явуулах шаардлагатай учраас энд ажиллаж байгаа монгол ажилчдад япон мэргэжилтнүүд төрөл бүрээр сургалт зохион байгуулж, үйл ажиллагааг саадгүй үргэлжлүүлэхэд бүх талаар нь дэмжиж ажиллана гэлээ.
Монгол Улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр хийж буй. Ийнхүү гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс дээрх хугацааны дараа л шинэ нисэх буудал үүдээ нээх аж. Үүнийг олон нийтийн зүгээс шинэ нисэх буудлын нээлтийн үйл ажиллагаатай андуурсан нь концессын гэрээний үеэр туршилтын нислэг Хөшигийн хөндийн нисэх буудалд газардсантай холбоотой.
Менежментийг эхлүүлж байгаа гэдэг нь нислэг үйлдэж албан ёсоор ашиглалтад орж байгаа гэсэн үг биш гэдгийг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК-ийн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн захиргааны мэргэжилтэн Б.Намуун тодотгосон юм.
Нийт 65.6 тэрбум иений өртөгөөр бүтэж буй ашиглалтад орвол жилдээ 1.5-3 сая хүртэлх зорчигч хүлээн авах боломжтой учир одоогийн нисэх онгоцны буудлаас 2.5 дахин том. Оргил ачааллын үед цагт 1500 зорчигч хүлээн авна гэж үзсэн бол шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор 720 хүний ажлын байр бий болно гэж тооцоолсон гэж Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом ярилаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад ороогүй. Албан ёсны нээлтээ хийснээр дээрх ажлын байр бий болно. Мөн нисэх онгоцны буудлыг тойрсон бусад бизнесийн байгууллага үйл ажиллагаа явуулж хүрээгээ тэлэх боломжтой. Концессын гэрээ байгуулснаар 10 сарын дараа ашиглалтад орно” хэмээсэн билээ.
Шинэ нисэх онгоцны буудал нь зорчигч тээврийн терминал нь 3800 шоо дөрвөлжин талбайтай, хоёр талаасаа хөөрч буух зурвастай, нэг дор 21 онгоц хүлээн авах агаарын хөлгийн зогсоолтой, 800 метр кубын багтаамжтай, цэвэр усны байгууламж, 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, 825 машины зогсоол, 200 машины дулаан зогсоол барьжээ.
Ийнхүү олон жил яригдсан нисэх онгоцны буудал 13 жил яригдсны эцэст дахин 10 сарын дараа ашиглалтад орно гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа бол урд хөршид дэлхийн хамгийн Дашин олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажил дөрвөн жилийн дотор /2016-2019 он/дуусч ирэх есдүгээр сарын сүүлээр нээлтээ хийхээр төлөвлөжээ.
Тус нисэх буудал нь 2025 онд 72 сая зорчигч, 620 мянган нислэг хүлээж авах бол 2040 онд бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 100 сая зорчигч, 880 мянган нислэг хүлээн авна гэж тооцоолжээ. Харин гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын барилгын ажил 13 жилийн дараа дуусч байгаа нь энэ юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ