УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Улс төрийн намууд сонгуульд ялагдах бүртээ шинэчлэлийн тухай асуудлыг хөнддөг. АН ч мөн ялгаагүй өнгөрсөн хугацаанд шинэчлэлийг өрнүүлсэн. Эрх баригч нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд төвлөрч байгаа энэ үед АН намынхаа үзэл баримтлалыг иргэдэд таниулж уулзалт хийгээд ирлээ. Шинэчлэлийн үр дүн өнөөдөр хэр байна вэ?
-2016 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд АН үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Үүний дараа намын шинэчлэлийг эхлүүлэх шаардлагатай гэж үзэн, намын зургадугаар Их хурлаар шинэчлэлийн үйл явцыг эхлүүлэх шийдвэр гарсан. Ардчилсан намын дотоод шинэчлэлийн үйл явц хоёр чиглэлд өрнөж байгаа. Нэгдүгээрт, намын дотоод бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчний шинэчлэл, анхан дунд шатны намын зохион байгуулалтууд, намын төлөөллийн төв байгууллага шинэчлэгдсэн. Үндсэндээ эхний энэ зорилт амжилттай хэрэгжсэн гэж харж байгаа. Анхан, дунд шатны төлөөллийн төв байгууллага буюу аймаг, дүүрэг, нийслэлийн намын хороодын бүрэлдэхүүний 80 орчим хувь нь шинэчлэгдлээ. Хуучнаар намын төлөөллийн төв байгууллага болох 228 гишүүнтэй Үндэсний зөвлөлдөх хороог татан буулгаж, оронд нь Үндэсний бодлогын хороо шинээр өргөтгөн 410 гишүүнтэйгээр байгуулсан. Үндэсний зөвлөлдөх хороонд хууччуул нь ордог, залуус, эмэгтэйчүүдэд боломж олгодоггүй гэсэн шүүмжлэл өнгөрсөн хугацаанд хүчтэй байсан. Тэгвэл өнөөдөр Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 54 хувь нь 39 хүртэлх насны залуус, 45 орчим хувь эмэгтэйчүүд орж ирсэн нь маш том шинэчлэл байлаа.
Мөн сүүлийн 8-9 жил үндсэндээ АН-ын ротацийн сонгуулийг зогсож, үүнээс улбаалж Үндэсний зөвлөлдөх хорооны 228 хүн дархлагдаж ямар ч халгаа сэлгээгүй явж ирсэн. Энэ нь эргээд намын шинэчлэл, намд шинэ хүн орж ирэх зэргийг хаасан гэж хэлж болно. Тэгвэл ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуулийг сэргээснээр намын аль ч шатны гишүүдэд улс төрийн карьераа өсгөх, намын тодорхой шатанд дэвшиж ажиллах, намын бодлогод оролцох зэрэг нөхцөлийг нээж өгсөн.
Манай намын шинэчлэлийн хоёр дахь том зорилт бол намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлийг тодорхойлох явдал байлаа. Өнөөдөр улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 30 гаруй нам дотор өөрийн өнцөг, ялгаагаа харуулсан улс төрийн нам бараг алга. Бүгд л шударга ёсыг ярьдаг, хоорондоо ялгагдах зүйлгүй болсон. 1990-2000 он хүртэлх улс төрийн намууд өөрсдийн гэсэн онцлогтой байсан. Тухайлбал, тухайн үеийн МАХН цэвэр коммунизм чиг баримжаатай нам байсан. Ардчилсан намын хувьд хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг гол тунхагаа болгож байсан. Үндэсний дэвшилт нам хувийн өмчит зах зээлийг чухалчилдаг, Монголын ногоон нам байгаль орчин, экологийн чиглэлд түлхүү анхаардаг зэрэг нам бүр өөр өөрийн гэсэн онцлог, үзэл баримтлалттай байлаа.
Гэтэл 2000 оноос хойш улс төрийн намуудын онцлог, үйл ажиллагаанууд нь алдагдсан. Хатуухан хэлэхэд, эрх ашигт нэгдсэн хэсэг бүлэг хүний бөөгнөрөл болж хувирсан. Үүнээс улбаалж намуудын рейтинг олон нийтийн дунд ч унаж эхэллээ.
Аливаа улс төрийн нам өөрийн гэсэн үзэл баримтлал, итгэл үнэмшилтэй байж түүндээ тулгуурласан гишүүдийн нэгдэл бий болсноор тухайн нам өөрийн гэсэн онцлогтой улс төрийн хүчирхэг нам болдог юм байна. Тухайлбал, Англи, АНУ-д гэхэд манайх шиг улс төрийн хоёр том хүчинтэй, мөн жижиг намууд олонтой. АНУ-ын Бүгд найрамдах нам барууны чиглэлийн, Ардчилсан нам нь ардчилсан нэртэй боловч зүүний чиглэл баримталдаг. Яг үүн шиг манай нам үзэл баримтлалаа тодорхой болгохын тулд хоёр жил гаруй хугацаанд хэлэлцүүлэг явуулсан. Намын бүх шатны байгууллагын гишүүд цаашлаад иргэд сонгогчдын оролцоог хүртэл хангасан. Ингээд 2018 оны арван хоёрдугаар сард намын есдүгээр Их хурлаар үзэл баримтлалынхаа төслийг хэлэлцэж баталсан. Улмаар 2019 оны нэгдүгээр сард Улсын Дээд шүүхэд намынхаа үзэл баримталлаа бүртгүүлсэн. Энэ нь улс төрийн намуудаас хамгийн анхны тохиолдол. Нэг үгээр хэлбэл, намын үндсэн дүрмээс гадна үзэл баримтлалаа дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлнэ гэдэг бол маш чухал. Аль аль нь эрхзүйн үр дагавартай, албан ёсны бичиг баримт болж хувирч байгаа юм. Цааш цаашдаа энэ эрхзүйт үзэл баримтлалынхаа хүрээнд ажиллана гэсэн үг.
-Намууд боловсон хүчний тодорхой бодлого, сахилга бат, зохион байгуулалтгүй, сул хэвээр байна гэдгийг зарим судлаачид хэлдэг. Намын дотоод бүтцээ тэр чигтээ өөрчилсөн АН-ынхан Ерөнхий нарийн бичгийн даргаа солих тухай "бор шувуу нисгэх" болж. Ийм яриа танай намд гараа юу?
– Би энэ талаар нэг ч хүнтэй яриагүй, ярих нь байтугай энэ тухай бодоо ч үгүй байна. Хаанаас хэн чулуу шидсэнийг нь ойлгохгүй байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан үүрэгт ажлаа хэвийн хийж байгаа.
-Намын дүрмийн хүрээнд генсекээ чөлөөлөх, томилох эрх нь танд бий юу?
-Байгаа. Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох саналыг Үндэсний бодлогын хороонд намын дарга нь оруулах эрхтэй. Гэхдээ би өнөөдөр дарга, цэргийг өөрчлөх талаар ярих нь бүү хэл, энэ тухай бодоо ч үгүй байна гэдгийг дахин хэлье. Манай нам үзэл баримтлалаа бодит ажил болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, намын үзэл баримтлалаа гишүүдийнхээ оюун, санаа, уураг тархинд нь суулгах, гишүүдийнхээ итгэл үнэмшил болгох үндэсний аяныг зохион байгуулж байна. Ашиг сонирхол, албан тушаалын төлөө намд нэгддэг бус итгэл үнэмшил, үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ төлөө нэгддэг нам болгохын төлөө ажиллаж байгаа нь асар том шинэчлэл. Түүнээс биш хэн нэгэн албан тушаалтныг солих, өөрчлөх нь шинэчлэлт биш.
-УИХ-ын ээлжит сонгууль ойртож байна. Тиймээс түүнд зориулж зарим нэг өөрчлөлт хийхийг үгүйсгэхгүй гэж харж байна л даа. Дахиад л асуухад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АН-ын генсекээр очно гэх мэдээлэлд та ямар тайлбар өгөх вэ. 2016 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан хүн дахин намдаа ирлээ гэхэд энэ нь хэр ёс зүйд нийцэх юм бэ?
-З.Энхболд тухайн үед хариуцлагаа хүлээж намын даргын албан тушаалыг өгсөн. Одоо тэгээд энэ хүн насан туршдаа хариуцлага хүлээх юм уу. Энэ хүнд цаашаагаа улс төрд явах, карьераа хөөх, амьдрах боломж, орон зай байх ёстой биз дээ. Ер нь алдаагүй хүн гэж хэн байгаа юм. 2016 оны манай намын ялагдал ганц З.Энхболдын ялагдал биш. АН-ын алдаа болохоос нэг хүний алдаа биш. Гэхдээ тухайн үед нам толгойлж байсан гэдэг утгаараа З.Энхболд хариуцлагаа хүлээсэн. Хоёрдугаарт, З.Энхболдтой ямар нэгэн асуудлаар ярьж хөөрсөн зүйл огт байхгүй.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Танай намын гишүүдийн хувьд Үндсэн хуулийг хэлэлцэх чуулганы хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан заалтуудтай санал нийлэхгүй байгаа гэж ойлгох уу?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд байгаа процесс нь буруу, алдаатай, хууль бус гэдгийг АН-ын зөвлөлийн гишүүд хэлж байгаа. Хоёрдугаарт, МАН-ын олонх өөрсдөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэмжээний эрх, ёс зүйн байна уу гэдгийг бид шүүмжилж байгаа. УИХ-д эрхзүйн чадамж, ёс зүй гэж байна л даа. МАН-ын бүлэг Үндсэн хуульд гар хүрэх эрхзүйн чадамж, ёс зүйтэй гэдгээ харуулах алхмаа хийж, ард түмэнд итгэл үнэмшилээ бий болго л доо. Дараа нь “эцэг” хуулийг өөрчлөх асуудлыг ярих ёстой. Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдэл, төрийн институт хоорондын зохицуулалт зэрэг маш олон зүйлийг өөртөө агуулсан, төрийн суурь баримт бичиг. Хоёрдугаарт, үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэд ямар ч бодит мэдээлэл аваагүй байна. Ихэнх аймгийн иргэд энэ талаар ямар ч ойлголтгүй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн. Ийм байтал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь ойлгомжгүй юм л даа.
-Танай намын гишүүд хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцоод зарчмын зөрүүтэй санал гаргах зэргээр оролцоогоо хангаж болоогүй юм уу?
-Оролцох эрх нь мэдээж нээлттэй. Гэхдээ бид өнөөдөр хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцоод явна гэдэг нь зөв ч бай, буруу ч бай асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр болно. МАН дангаараа хүч түрэн хуулийн өөрчлөлтийг хийлээ гэхэд дараа нь үүсэх аливаа хариуцлагыг эрх баригчид өөрсдөө хүлээх ёстой.