Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль өнөөдөр /2019.07.08/ хүртээнэ. Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгнө.
Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь төр үнэлэн Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг Төрийн шагналт, Урлагийн гавъяат Зүтгэлтэн, "Чингис хаан" одонт хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, Н.Жанцанноров нарт олгохоор болжээ.
Төрийн шагналт, Урлагийн гавъяат Зүтгэлтэн, "Чингис хаан" одонт хөгжмийн зохиолч Б.Шарав гуай мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиосон агуу хөгжмийн зохиолч билээ.Тэрбээр "Чингис хаан" дуурь, "Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1,2-р симфони, "Замбуутивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", "Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичсэн байна.
Монголын соёл урлагийн салбарт хийж бүтээсэн олон гайхалтай үйл хэрэг, уран бүтээлүүдээрээ түмэн олны талархлыг хүлээсэн хүн бол Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ. Тэрбээр нийтдээ 300 орчим бүтээл туурвисаны дотор киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, "Монголын хөгжмийн 12 хөрөг" /Сонатын аллегро/, "Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь" хөгжим судлалын ном, уран бүтээлийн найман CD хэвлүүлсэн байдаг.
Мөн "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" киноны хөгжим, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны аяыг зохиожээ. Түүний эдгээр хийсэн бүтээсэн бүхэн нь хэдийн бидний зүрх сэтгэлд хоногшин үлдэж чаджээ.Тэрбээр 1989 онд "Мандухай цэцэн хатан" киноны хөгжмөөр, 2000 онд Морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ "Төрийн шагнал"-ыг хоёр удаа, 2005 онд "Ардын жүжигчин" цол хүртжээ.
Холбоотой мэдээ