Нийслэлийн ойр орчим үйл ажиллагаа явуулж, НАЖГ-т бүртгэлтэй 182 амралтын газар байдаг ч албан ёсны зөвшөөрөл авсан нь ердөө 30. Үлдсэн 152 амралт, жуулчны бааз ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зарим амралт сувиллын газарт шалгалт хийхэд дараах зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Оргил рашаан сувилал ахуйн гаралтай хог хаягдлаа долоо хоногоос илүү хугацаагаар ачуулж цэвэрлүүлээгүй байсан тул түр хадгалах байрны гадна талаар хог хаясан, хог хаягдал нь хальж асгарсан зөрчлийг нь арилгуулсан байна. Мөн 11 дүгээр хорооны Засаг даргад хог хаягдлыг тухай бүр ачуулж байх талаар албан бичиг хүргүүлсэн аж. Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Алтан дөрвөлжин” ХХК-ийн амралт, аялал жуулчлалын газраас ус ашигласны төлбөр төлөөгүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулахаар болжээ. Энэ мэтчилэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амралт, сувиллын газрууд иргэдийн ая тухтай байдлыг хангаж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж буй эсэх нь эргэлзээтэй юм.
Амралтын газар, жуулчны баазууд НАЖГ-аас албан ёсны тусгай зөвшөөрөл авсны дараа үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тэдэнд MNS 6043:2009 ерөнхий шаардлага тавигддаг бөгөөд шаардлагыг 90 хувьтай хангасан газруудад НАЖГ-аас тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгодог байна.
Б.ЦЭЦЭГ