Монголын болон дэлхийн оддыг тайзнаа үзэгчидтэй уулзуулдаг “Яг түүн шиг” шоуны финалын дугаарын ялагч өнөө орой тодорно. “Боловсрол” суваг телевизээр шууд дамжуулах тус шоуны дөрөвдүгээр улиралын шилдэгийн шилдгээр хэн тодрох бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд бий. Хоёр сарын турш үзэгчдээ цэнхэр дэлгэцийнх нь өмнө уяж чадсан уг нэвтрүүлгийн ялагчаар авъяаслаг жүжигчин Т.Бархүү тодрох өндөр магадлалтай. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт дуучин Б.Амархүүг яг түүн шиг дуурайснаар шүүгчдийн болон оролцогчдын зүгээс хамгийн өндөр оноог авч нийт 18 сая төгрөгийн шагналын эзэн болсон билээ.
Түүнийг шоуны гурван шүүгч дэмжиж, хамгийн өндөр оноо болох 12 оноог өгсөн бол бусад долоон оролцогч бүгд өөрийн гурван оноогоо жүжигчин Т.Бархүүд өгч, нийт 57 оноог авсан. Мөн шоу нэвтрүүлэг эхлэх мөчөөс үзэгчдээс мессеж саналыг авснаар шоу дуусахад хамгийн өндөр оноог бас л жүжигчин Т.Бархүү авч, тэрбээр 10 сая төгрөгийн эзэн болсон юм. Шоуны төгсгөлд өнгөрсөн есөн дугаарын турш хамгийн өндөр оноог авсан хоёр оролцогчийг шалгаруулахад дахин жүжигчин Т.Бархүү нийт 325 оноогоор тэргүүлж, найман сая төгрөгөөр шагнуулсан билээ. Харин дуучин Г.Сүндэрмаа, П.Баярцэнгэл нар 255 оноогоор тэнцсэн тул хоёуланг нь шалгаруулж, тус тус таван сая төгрөгийн эзэн болсон юм. Гэхдээ өнөө орой авьяаслаг оролцогчид хэн нь “яг түүн шиг” болохоос шоуны ялагчийн хувь заяа шийдэгдэх биз ээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ