Улс төр "дугхийх" цагаар

Хуучирсан мэдээ: 2019.07.07-нд нийтлэгдсэн

Улс төр "дугхийх" цагаар

Улс төр "дугхийх" цагаар

Үргэлжийн дуулиан, улстөрийн сенсааци, тэсрэх бөмбөг дунд амьдардаг монголчуудын хувьд баяр наадам ойртсоных уу, эсвэл амралтын цаг эхэлсэн нь нөлөөлсөн уу, харьцангуй нам тайван долоо хоног боллоо. Нүд шүд, ам хэлээ хурцлаад, дуугаа аймаар "чанга" дээр нь тавьж, хэвлэлийн хурал өдөр өнжихгүй шахам хийдэг ордны тэмцэгчид хүртэл аядуу зөөлөн байснаас харвал наадам хүртэл улс төр түр "дугхийх" шинжтэй. Наадмын дараа Монголын улс төрийн амьдралд шинэ хөдөлгөөнүүд бий болж магадгүй дур зураг ч харагдаж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр УИХ ид ажиллаж байгаа бөгөөд парламентын олонх аль болохоор улстөрд салхи, шуурга үүсгэчихгүй шиг батлах сонирхол их.  УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн шиг энэ бол арван жил, гурван парламент дамжин яригдаж байгаа сэдэв бөгөөд чуулганы хаагаад, ээлжит бусыг нь нээсэн нь эцэг хуулийн өөрчлөлттэй холбоотой юм.  Үндсэн хуулийг өөрчлөх ёстой цаг мөн үү гэвэл мөн. Учир нь, эрх мэдлийн хуваарилалтаас болоод Монголын төрийн хямрал нь улс төр, эдийн засаг, нийгмийн зовлон болж хувирсан.

Үүнийг өөрчлөх боломж  Г.Занданшатарын парламентад байгаа юу гэвэл бий.  Харин сөрөг хүчний зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН-ын жаран тэрбум, ЖДҮчид хийх боломжгүй гэж акцилж байгаа бол Ерөнхийлөгч энэ төслийг наадмын дараа хэлэлцэх санал гаргасан юм. Үүнийг ч МАН-ын бүлэг хүлээж авсан Д.Тогтохсүрэн энэ долоо хоногт хэвлэлийн бага хурал зарлахдаа хэлсэн билээ.

Улс төрийн хүрээнд хамгийн их сонирхол татсан явдал нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр эрхэмтэй холбоотой үйл явдлууд. Нэг нь боловсрол төвтэй улс төр, популизмын тухай лекц уншсан бол нөгөө нь 461 дүгээр ангид хоригдох үедээ бичсэн номоо хэвлүүлсэн нь бэстселлер болжээ.

Аль, аль нь  олон нийтийн сүлжээнд анхаарал татсан үйл явдал байлаа. Дэмжигчид хийгээд шүүмжлэгчид ч мөн байв.  Өөрийн сайн дураараа улс төрөөс явсан нөхдүүдийг чирж авчраад рингэн дээр "зодох" гэж оролдсон нь эргээд тэднийг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, ардчилал, ардчилсан Монголыг хамгаалах үзэл санаан дээр нэгтгэхэд хүрсэн байж мэднэ. Ямар ч байсан тэд эргээд үгээ сэлж, харанхуйд автсан хар массаа сэргээх, популизмд идэгдсэн улс орноо аврах гэж оролдож эхэлсэн нь сайн хэрэг. Үнэндээ, өчигдрийн Монголын ололтыг тэд хамгаалахгүй бол хар масс хамгаалж чадна гэж үү? Энэ долоо хоногийн бас нэг сайн мэдээ нь Улаанбаатар-Хөшигтийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хоёр урсгалтай зургаан эгнээ 32.2 км хурдны авто зам ашиглалтад орсон явдал. Хятадын "Чайна Тэйсэжү Сивил Инженеринг групп"-ын хариуцсан замын нээлтэд Монголын гурван компани туслан гүйцэтгэгчээр ажилласан байна. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон юм.

Ийнхүү хуанлийн хуудаснаас урагдан одож буй энэ долоо  хоног  шиг улс төр ийм уйтгартай, унтаа байвал эдийн засаг, нийгэм, иргэдэд амгалан, ажил хийж буй хүмүүст амар юм шиг ээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж