Зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажиглалтаар үхрийн махны үнэ 100 төгрөгөөр буурсан ч энэ долоо хоногийн ажиглалтаар махны үнэ дахин өсчээ. Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр долдугаар сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10132 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12304 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 690 төгрөгөөр (5.9%), үхрийн цул махны үнэ 456 төгрөгөөр (3.2%) тус тус өсчээ. Үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 13500 төгрөгийн үнэтэй байна. Харин хонины махны үнэ тогвортой байгаа юм. Тодруулбал, хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8700 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11800 төгрөгөөр худалдаалж байгаа аж.
ГУРИЛЫН ҮНЭ: Долдугаар сарын эхний долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1800 төгрөг, I гурил 1000-1500 төгрөг, II гурил 800-1200 төгрөгийн үнэтэй байна.
Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1350 төгрөг, I гурил 1000 төгрөгөөр тус тус борлуулж байгаа юм. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1350 төгрөгийн үнэтэй. “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 1350 төгрөгөөр худалдаалж байна.
ХҮНСНИЙ НОГОО : Энэ долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 7.2 хувиар өсч 1136 төгрөг, , лууван 10.6 хувиар өсч 1809 төгрөгөөр, хүрэн манжин 6.8 хувиар өсч 2654 төгрөгөөр, харин байцай 8.3 хувиар буурч 2150 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ