Үндэстэн бүр өөрсдийн бахархалтай. Тэр нь өв соёл. Өв соёл нь аливаа үндэстний хамгийн том дархлаа гарцаагүй мөн. Үүнийгээ ч яс махандаа тултлаа ойлгочихсон байдаг. Бидний язгуур “мөн чанар” Монгол гэж хоолой мэдэн бархирах хархирааны цаана бус эмээ, өвөөгөөс сонсч өссөн сургаал, үлгэр туульсад л оршиж буй. Бидний “үнэн” хэдэн далайн дайдын цаадах харь үгсэд бус монгол хэлэнд маань л оршиж буй. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь энэ цагийн хүмүүний том шаардлага мөн хэдий ч Монгол өвөө хадгалан үлдэж түүнийхээ эзэн нь болох эгзэгтэй сонголтын эринд бид хий дэмий хоосон гялгар өнгөнөөс өөр юу ч үгүйгээр зогсож байна.
Монгол залуусын үнэн төрх “Би энэ хүнд хэрхэн харагдах бол” гэх өчүүхэн бодлын цаана өрнөнө. Гялгар, өнгө хөөсөн сэтгэхүй биднийг мөхөл рүү л хөтөлнө.
Бид агуу үндэстэн хэмээн гаднынханд сайшаан ярьдаг. Чухам яагаад агуу, юугаараа гайхалтай үндэстэн болох тухай тодруулбаас “Бид Чингисийн удам” гэхээс цааш хэтрэхгүй л болов уу? Өнөөдөр Монголд ийм л байна. Одоо түр зогсоод өнөөдрийн “Би”-гээ нэг ажвал яасан юм бэ?
Өнөөдөр бүх Монголчууд өв соёлоо эрхэмлэн дээдлэгч харагдаж байгаа хэдий ч ямар учраас Монгол хэмээх үндэстний өв соёл, уг язгуур гарвал чухал вэ? гэх дотоод ухамсрын асуулт огтхон ч чухал биш хамааралгүй болчихсон. Тийм үзэл санааг бүтээж байгаа нэгнээ үл ойшоодог болчихсон. Зөвхөн Монгол өвөө дээдлэгч болж харагдаж байх нь хамгаас чухал. Ийм гялгар цаг үед тийм хоосон өвийг бид үр хойчдоо үлдээх гэж байна.
Чухам яагаад “өв” хэмээдэг вэ? Энэ бол гарцаагүй үлдээх, мөхөөлгүй мохоохгүй авч үлдэх ганцхан бидний оршихуйн үнэ цэнэ юм. Энэ бол Монгол үндэстний дархлаа, маргаашийн баталгаа, өнөөдрийн утга учир. Дүр эсгэгч энэхүү хэлбэр хөөсөн хоосон цаг үед Монгол хүн Монголоороо үлдэх ганц сонгодог арга бол Монгол ардын уран зохиол, үлгэр, туульс, домог. Бид асар их цаг хугацаа, хөрөнгийг Монгол агуулга ханхалсан үндэсний бүхэнд бус гаднын гэсэн тодотголтой зүйлсэд зориулж байна. Эргэж нэг харвал энэ нь буруу юмсан. Хэсэг зогсоод хэрхэн бэдэрсээр энд ирснээ, чухам яагаад цаашаа алхах ёстойгоо ухах нь бидний үүрэг юмсан. Монгол хүний үнэ цэнэ бол царцааж үл болох, мартаж үл болох өв. Одоо хэсэг зогсоод бид ямар үнэ цэнээр энд ирж, цаашид ямар үнэ цэнийг бүтээхээ эргэцүүлбэл яасан юм бэ?
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ