Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 4-ний өдөр 17.30 цагт "Портер" маркийн автомашины жолооч хамгаалалтын ажилтныг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, “Шинэ гарц ХХК”-ийн орон сууцны барилгын суурийг цутгаж эхлэх үед тухайн байгууллагад гэрээгээр үүрэг гүйцэтгэж байгаа “Дайчин чоно” хамгаалалтын албаны хамгаалагч нар болон оршин суугчдын хооронд маргаан үүсчээ.
Маргааны улмаас "Kia Porter" автомашины жолооч Ё зуурмаг зөөж байсан том оврын автомашины замыг хааж зогсох гэж байгаад хамгаалагч Б, Б нарыг автомашинаараа мөргөсөн байна. Мөргүүлсэн хамгаалагч нарын биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжилгээ хийлгэсэн ба өнөөдрийн байдлаар шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа аж. Дээрх хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Э.БУРАМ