Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэллээ.
Жил бүрийн наадмын салхийг хагалдаг уламжлалт урианхай сурын харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцож, урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар 350-450 гр жинтэй зангидсан суран байг онодог. Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 50-60 гр жинтэй байдаг.
Өвөг харваа буюу урианхай сур харваа нь хамгийн эртний харваа бөгөөд Чингисийн үеэс улбаатай. Анх дайн байлдаанд ашигладаг байх үеэс урианхайчууд түүнийг тоглоом наадмын хэлбэрт оруулсан байна.
Алтайн урианхайчууд Урианхай овгийн онцлог болох дайнч, тулаанч шинжийг илтгэсэн эртний онцлог ёс дэглэм бүхий сурын харвааг өнөөдрийг хүртэл хадгалан харваж иржээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ