УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Уг хуулийн төсөл Ардчилсан нам болон “Шударга ёс” эвсэл, Хууль зүйн байнгын хорооноос олонхийн дэмжлэг авсан. Гэвч, өнгөрснө пүрэв гаригт чуулганы хуралдаанд уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг жагсаалтаас хассантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан шаардлага хүргүүлжээ. Тэрбээр уг шаардлагадаа “Хүний эрхий үндэсний комисс, төрийн болон төрийн бус байгууллагуудын судалгаа дүгнэлтүүд тэднээс гадна надад тавьсан хүсэлтүүдийг харгалзан өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны тавдугаар сарын 8-нд санаачлан 2015 оны зургаадугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэн дэмжиж 2015 оны зургаадугаар сарын 16-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэж дэмжигдээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх жагсаалд орсон байсан. Харин 2015 оны зургаадугаар сарын 17-нд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, УИХ-ын дарга З.Энхболдод албаны бичиг хүргүүлснээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад байсан хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хасч, хэлэлцүүлгийг зогсоогоод байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж заасныг та анхааран үзэж, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг саадгүй явуулна гэж найдаж байна” гэжээ.
О.САР