ОХУ, Норвегийн хооронд орших Баренцийн тэнгисийн ёроолд судалгаа хийж явсан Оросын шумбагч аппаратад гал гарсны улмаас тус улсын тэнгисийн флотын 14 далайчин амиа алдсан харамсалтай явдал Даваа гаригт /2019.07.01/ болсон. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Мягмар гаригийн орой уг хэргийн талаар олон нийтэд зарласан билээ.
Урьдчилсан дүгнэлтээр, шумбагч онгоц Оросын талын Баренцийн тэнгис орчмын усан доор хэмжилт хийж байх үед аккумляторын хэсэгт гал гарч, улмаар багийн гишүүд утаанд угаартан амиа алдсан гэж үзэж байгаа юм. Шумбагч дотор хэдэн хүн байсан нь тодорхойгүй байгаа ба амиа алдсан далайчдын хоёр нь “Улсын баатар” цолтой, долоо нь тус улсын тэнгисийн хүчний өндөр албан тушаалын офицерууд байсан аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэдний дөрөвт нь “Улсын баатар” цол, үлдсэн 10 хүнд “Эр зоригийн одон”-г нэхэн олгох шийдвэр гаргажээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан далайчдыг долдугаар сарын 4-ний Пүрэв гаригт сүүлчийн замд нь үдсэн байна.
Мөн тус улсын эрх баригчид уг ослын талаарх мэдээллийг дэлгэхээс татгалзаж, “улсын нууц”-д хамаарах хэрэг хэмээн мэдэгдэж байсан ч удалгүй уг шумбагч дотор цөмийн реактор байсныг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ шумбагч доторх цөмийн реакторууд галд өртөөгүй бөгөөд шумбагчийг засварласны дараа эргээд ашиглаж эхэлнэ хэмээн мэдэгджээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “Лошарик” гэж нэрлэгдээд буй тус шумбагчид улсын маш нууц тусгай даалгавраар 280 метрийн гүнд шумбаж байхад нь гал гарсан байна.
Эх сурвалж: BBC