“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН-Д ӨГСӨН 65 СУУДЛАА МАНАЙ НАМД ӨГӨӨД ҮЗ
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар ид хэлэлцэж байна. Монгол Ардын нам Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө, харин Ардчилсан нам үүний эсрэг байна. Танай нам та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Та МАН-ын боловсруулсан төсөлтэй танилцсан биз дээ?
-Үнэнийг хэлэхэд би танилцаж амжаагүй л байна. Зав ч алга. Хуулиа шинэчлэх нэрийн дор эрх баригчид дахин яаж намынхаа нэрээр УИХ-д ороод суух вэ, яаж сайд болох вэ гэдгээ л хамгийн түрүүнд боддог. Хувийн эрх ашгаа нэгд тавьдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд энэ маягаар хандвал үр дүн гарахгүй. Ер нь хуулийг хэнд зориулж, яах гэж гаргаж байгаа вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй юм бол мянга хуультай байгаад ч нэмэргүй. Тэгэхээр асуудал зөвхөн хуульдаа бус, хүндээ байна. Сүүлийн 27 жил Монгол Улсыг дандаа нийгмийн ухааны салбарынхан, хамгийн боловсролгүй, ёс суртахуунгүй хүмүүс удирдаж ирлээ. Тэдний хийсэн ажил нь зөвхөн бэлэнчлэх, үрэн таран хийж, дандаа түүх ярьж ирсэн. Үндсэндээ 27 жил бид Чингис хаанаа ярилаа, ерөөсөө түүхээ л ярьдаг. Өнөөдөр улс орны эдийн засаг маш хүнд байдалд байна. Энэ бүх асуудлыг шийдэхэд хуулиа шинэчлэхээс гадна хүнээ шинэчлэхээ мартаж огт болохгүй. Ямар хүн төрийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд байх вэ гэхээр инженер, эрдэмтэн гэсэн өндөр боловсролтой хүмүүс орж байж улс орон хөгжинө. Түүнээс биш сэтгүүлчид эсвэл хууль, нийгмийн ухааны боловсролтой хүмүүс эдийн засгийг хөгжүүлж, аж үйлдвэржүүлэх, нэмүү өртөг бий болгох талаар А ч үгүй.
Эдийн засгийг ашигтай болон ашиггүй ажиллуулж болно. Энэ нь зөвхөн үнийн асуудал юм. Үнийг хэт хөөрөгдүүлэх эсвэл хэт задгайруулахаас хамаарч эдийн засаг ашиггүй ажилладаг. Хоёрдугаарт гадна, дотоодын хөрөнгө оруулалтыг хэрэггүй зүйлд зарцуулж зөвхөн хэрэглээнд зарцуулсан явдал сүүлийн 15 жил газар авлаа. Энэ ажлыг МАН, АН хоёр л уралдаж хийсэн. Дараагийн асуудалд бол дээр, доргүй хариуцлагагүй байдал газар авч байна. Ямар ч хариуцлага хүлээдэггүй атлаа зөвхөн эрхээ ярьдаг, үүргээ биелүүлдэг хүнгүй болсон. Тийм учраас зөвхөн хуулиа шинэчлэхээс гадна улс төрийн албан тушаалтнууд, төрийн албаны удирдах ажилтнуудыг бүгдгийг шинэчлэх хэрэгтэй. Ингэж байж нийгэм цэвэршиж, хөгжил рүүгээ явна. Ганц хуульдаа асуудал байгаа юм биш гэдгийг л би хэлмээр байна.
-Ингэхэд анхны ардчилсан Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж дууссан гэдэгтэй та санал нийлэх үү. Өнөөдрийн улс төрийн хямралын үндэс нь Үндсэн хууль болсон гэж ажлын хэсгийнхэн тайлбарлаж байгаа болохоор асууж байна. Эрх мэдлийн хуваарилалтаа тодорхой болгохгүйгээр Монголд хямрал, талцал буурахгүй юм биш үү ?
-Дүгнэлт хийх хэрэгтэй байх. 1992 онд баталсан Үндсэн хуульд шинийг хуучинтай нь хутгачихсан тал их бий. Жишээ нь, Улс төрийн сонгуулийн тухай, улс төрийн нам гэж юу вэ, Монгол хүний эрх, үүргийн тухай дутуу дулимаг зүйл маш их бий. Иргэн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авна гэж Үндсэн хуульдаа тусгасан атлаа өнөөдөр амьдрал дээр бүгд үнэ, төлбөртэй. Өнөөдөр 120 гаруй Их, дээд сургуульд 100 мянга орчим оюутан суралцаж байна. Тэдэнд төгсөөд ажлын байр байхгүй, тэдний дипломыг дэлхийд зөвшөөрөх хэн ч алга. Өөрөөр хэлбэл хэнд ч хэрэггүй хүмүүсийг бэлтгэж байна. Энэ мэт зөрчлүүд зөндөө бий. Хоёрдугаарт, хуучин бол улс нийгмийн амьдралыг намын үзэл суртлаар дамжуулж удирдан жолоодон зохион байгуулдаг байсан. Шинэ нийгмийн тогтолцоогоор нам нь шинэчлэгдээгүй үлдсэн. Өнөө цагт улс нийгмийн амьдралыг намын үзэл суртлаар дамжуулж удирдах ямар ч боломжгүй болчихсон. Одоогийн МАН буюу тухайн үеийн МАХН намын гишүүнчлэлийнхээ тогтолцоог авч үлдэхэд нь Ардчилсан нам дуурайгаад иргэдийг гишүүнчлэх ажил хийсэн. Ингээд нийгмээ үзэл бодлоор нь хуваах ажилтай болсон гэсэн үг. Нэг нам нь гарахаар төрийн албаныхан тэр чигтээ солигддог. Мөн бизнесийнхэн ч ялгаагүй.
Үргэлжлэлийн ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМАА
"МОНГОЛЧУУДЫН ТӨРХ ХЯТАН ИХ ЛЯО УЛСЫН ЯЗГУУРТНУУДЫНХТАЙ ТӨСТЭЙ"
Монголын өндөрлөгийн өмнөд хэсэг, одоогийн БНХАУ-ын умард хэсэгт X-XII зуунд буюу 916 онд Хятанчууд Их Ляо улсыг байгуулан, 200 гаруй жил аж төрж байсан түүхтэй. Тэдний түүхэнд холбогдох тоног хэрэгсэл, зан үйлийн эд өлөг зэрэг нь нүүдэлчдийн ахуй соёлтой салшгүй холбоотой болохыг илэрхийлдэг аж. Түүнчлэн царай төрхийн хувьд ч монголчуудтай ижил төстэй байсныг археологичид хэлж буй. Энэ тухай Өвөрмонголын соёлын өвийн археологийн хүрээлэнгийн орлогч захирал Жан Хүн Шинтай ярилцлаа.
-Өвөрмонголд Хятан Их Ляо улсын үеийн олдворуудаас гадна монголчуудын түүхэнд холбогдох соёлын ямар дурсгалт зүйлс хадгалагдаж байна вэ?
-Өвөрмонголын нутгаар хүн төрөлхтөн анх үүссэн буюу чулуун зэвсгийн үеэс авахуулаад бүхий л үеийн археологийн дурсгалт зүйлс хадгалагдаж байна. Түүнийг нээн илрүүлсэн. Нүүдэлчдийн Хүннү, Сяньби, Түрэг, Хитан, Монголын үеийн түүхэнд холбогдох археологийн дурсгалууд элбэг олдсон.
-Монголын Үндэсний музейд анх удаа дэлгээд буй Хятан Их Ляо улсын үед холбогдох археологийн дурсгалт үнэт олдворуудыг харж байхад маш сайн хадгалагдаж иржээ. Энэ нь хадгалалт хамгаалалтад байна уу, эсвэл эртний олдвор цуглуулгуудыг шинэ юм шиг харагдтал сэргээн засварласанд байна уу?
-Өвөрмонголын нутагт буй язгууртны үеийн бунхан бүрэн бүтэн хадгалагдаж, тонуулчид ороогүй учраас дийлэнх олдворууд нь тэр цаг үеэс эдүгээ хүртэл бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн. Харин олдворт ямар нэгэн хэмжээгээр сэв суух, хагарч цав үүсэх зэргийг орчин үеийн технологиор сэргээн засварлаж хамгаалсан. Ер нь бид 2005 оноос эхлэн 10 гаруй жилийн турш Монголын археологийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
-Өвөрмонголын нутгаас олдсон Хятан Их Ляо улсын олдворуудыг анх удаа Монголд дэлгээд байна. Манай эриний өмнөх 923 оны үед амьдарч байсан энэ үндэстний гарал үүсэл нь монголчуудтай салшгүй холбоотой гэв үү?
-Нүүдэлчин үндэстэн гэх нүүдлийн соёлыг уламжлан авч үлдсэнээрээ монголчуудтай ижил төстэй тал бий. Өвөрмонголын нутгаас олдож буй олдворуудаас адуу морины тоног хэрэгсэл олдсоныг Монголын Үндэсний музейд дэлгэсэн. Нөгөө талаасаа гадаад төрх байдлын хувьд монголчуудтай төстэй. Язгууртны булшин дахь ханын зураг хөргөөс харахад нүүр царайны хувьд их адилхан гэсэн үг. Харин бунхант оршуулгыг харахад Тан улсын нөлөө их харагддаг. Монголчуудын оршуулах зан үйлтэй адилхан гэж хэлэхийн аргагүй Тан улсын бунхант оршуулгын хэв маягтай. Жишээ нь, газарт нүх ухаж бунханд хийж, шороогоор булдаг, дээр нь үүдэвчтэй байдаг нь Хятадын соёлоос ялгарах зүйлгүй.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
“ХУРДАН МОРЬ УНАДАГ БАЙСАН МААНЬ АВТО СПОРТ СОНГОХОД НӨЛӨӨЛСӨН”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-наас 16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах гэж байна. Уг уралдаанд 43 орны 120-130 баг оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд Монголын талаас мотоцикл, автомашины төрөлд нийт 12 тамирчин оролцох билээ. Тэдний дунд ганц эмэгтэй тамирчин Б.Бат-Ундрал бий. Түүний хувьд энэ удаа мотоциклийн төрлөөр оролцож, гурван улс дамнасан 5000 км зам туулж, барианд орох юм. Түүний яриаг хүргэе.
-“Торгоны зам” олон улсын авто ралли уралдаан эхлэхэд цөөн хоног үлдлээ. Таны хувьд анх удаа Монголоо төлөөлж оролцох гэж байна. Таны сэтгэгдлийг сонсмоор байна?
-“Silk Way Rally” уралдаан ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт 5000 км зайд уралдана. Уралдааны гараа ОХУ-ын Эрхүү хотоос эхэлж, БНХАУ-ын Дунхьхуан хотод дуусна. Миний хувьд анх удаагаа Дэлхийн цомын тэмцээнд оролцож байна. Өмнө нь 2014-2015 онуудад Монголд болж байсан олон улсын тэмцээнд өөрийгөө сорьж байлаа. Энэ удаагийн уралдааны замд хүнд. Гэхдээ ямар ч байсан 5000 км зам туулж барианд орно гэсэн зорилготой ажиллаж байна.
-Уралдааны маршрутыг харж байхад аль зам илүү хүнд байна вэ?
-Хүнд зам их бий. Энэ жилийн уралдаан Зүүн Сибирь, ОХУ-ын тайга, Монголын тал говийг дайрч, Хятадад хүрнэ. Сибирийн зам мэдээж хүнд. Мөн Хятадын нутагт элс ихтэй замаар уралдана. Монголынхоо замыг сайн мэдэж байгаа. Урьд нь энд уралдаж байсан болохоор ерөнхийдөө гадарлаж байна. Хамгийн урт зам нь 700 км-т үргэлжилнэ. Энэ замын 50 хувь нь элсэн манхан, сандарч байна. Гэхдээ энэ замыг туулна гэж бодож байна. Анх удаа Монголын нутагт болох болсон нь бидэнд багаараа оролцох боломжийг нээж өглөө. Тиймээс энэ тэмцээнд оролцохын тулд эртнээс бэлтгэсэн. Миний хувьд ямар ч байсан зорилгоо биелүүлэхийг зорьж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Н.БОЛОРЧУЛУУН
Холбоотой мэдээ