Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлтийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж байгаа билээ. Тэрбээр энэ удаа томоохон баг бүрдүүлсэн бөгөөд ерөнхий продюсерээр Б.Отгонбат, ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва томилогдон ажиллаж байна.
Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан хөтөлбөрийг бэлтгэж байгаа аж. Нийт 2000 орчим уран бүтээлчдийн хамтарсан баг Төв талбайн бэлтгэлд хамрагдаад байна.
Төв цэнгэлдэхэд болж буй бэлтгэлийн үеэр Ардын жүжигчин П.Цэрэндагватай ярилцлаа.
-Үндэсний их баяр наадам дөхсөн үед Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын бэлтгэл эхэлдэг. Энэ жилийн наадмын нээлт хүлээлт ихтэй байна. Таны хувьд менежерийн ажилд томилогджээ. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Наадмын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж байна гэж хэлж болно. Учир нь Б.Отгонбат тэргүүтэй маркетингийн албын баг бэлтгэл ажил хангахын төлөө ажиллаж байна. Энэ баг өмнөх хоёр жилд Үндэсний их баяр наадамд ажилласан. Бид арын албанд зүтгэж байгаа багийн төлөөлөл. Үүрэг, чиглэл, зорилгоо тодорхой хэмжээнд аваад ажиллаж ирсэн хүмүүс байгаа юм. Энэ уран бүтээлийн багийн ард түшиг болон ажиллаж байна. Ийм ч утгаар бид өөрсдийнхөө хийж гүйцэтгэх ажлаа хийж байна. Бидний уран бүтээлийн энэ том баг ажил үүргээ саадгүй явуулахад нь бүхнийг зохицуулах үүрэгтэй. Үүнд мөн бие сэтгэл, хүчээ дайчлан ажиллаж байгаа Батлан хамгаалах яам, Хилийн цэргийн удирдах газар, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга гээд мэргэжлийн урлагийн байгууллагын олон төлөөлөл байна. Яагаад би энэ бүгдийг дурсаад байна вэ гэхээр жил жилийн наадмын нээлтэд урлагийн байгууллагын төлөөлөл хүч болж ирсэн. Тиймээс эд нартай учраа олоод явахад амар байдаг. Бид өөрсдийнхөө хийсэн энэ бүтээлийнхээ анхны зургийг харуулах гээд цэнгэлдэхэд ирсэн байна. Дараа нь бид наадмын салбар комисст ажлаа шалгуулж, хүлээлгэж өгнө.
-Наадмын нээлтийн арга хэмжээнд хилийн цэргийн дайчдыг дайчилж хамруулдаг. Энэ жил ч мөн цэргүүд нээлтийн арга хэмжээнд орно. Тэдний хувьд бас нэг хийх ёстой ажлын нэг болж байна уу?
-Энэ ажилд бүгд сэтгэл зүрхээрээ оролцож байна. Бүгдийн сэтгэл шингэсэн хөдөлмөрийн бүтээл байх болно. Мэдээж онцлон хэлэхэд Батлан хамгаалах яамны анги бүрэлдэхүүн байна. Гадаадад алба хаах гэж байгаа цэргийн албан хаагч онцгой үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг онцлон хэлмээр байгаа юм. Онцлог нь улсынхаа баяр наадамд тоосоо өргөчихөөд, харийн нутагт очих цэргийн албан хаагчид бол сэтгэлийн том хүч, энерги авдаг байх гэж бид боддог юм. Наадмын нээлтэд орж байгаа нь ч тэр, оролцуулж байгаа нь ч гэсэн сэтгэл өег байдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу.
-Та наадмын нээлтийн арга хэмжээний менежерийн багийг ахалж байна. Энэ ажилд даджээ гэж харагдлаа?
-Миний хувьд онцлон хэлээд байхгүй зүйл байхгүй. Яагаад гэхээр төр надад итгэж үүрэг хүлээлгэж байгаа учраас би хийх ёстой. Энэ ажлыг би 50-60 жил хийж байна шүү дээ. Гэхдээ энэ баг дундаа би хамгийн ахмад нь байгаа байх. Тэгэхээр энэ залуучуудтай баг болон ажиллана гэдэг эрч хүч, шинэ санаа гээд олон зүйл өгч байгаагаараа онцлог болов уу. Эдэнтэйгээ тоосоо өргөнө гээд явна гэдэг сэтгэлийн их таашаал юм. Их итгэл, их урам болохоор хүүхдүүддээ баярлаж, хамтран ажиллаж байна. Сүүлийн гурван жил наадмын нээлтийн арга хэмжээний арын албанд ажиллахад Төрийн соёрхолт, найруулагч Наранбаатар болон жүжигчин Б.Отгонбат нар маань гол үүрэг даалгаж, ажиллуулсныг мартах учиргүй. Та чадна, баг болоод ажиллая гээд тэд маань хүчилсэн. Хүн юмыг хийж байхад цаг хугацаа их хурдан өнгөрдөг. Эргээд харахад гурван жил болчихсон байна. Гол нь бидэнд итгэж ажил хариуцуулж байна. Энэ итгэлийг сэтгэл, зүтгэлээр хариулах ёстой гэсэн энэ л зарчмаар явж байна.
-Сүүлийн гурван наадмын бэлтгэл ажилд хүчин зүтгэж байгаа Таны хувьд наадамлаж чадаж байна уу?
-Энэ бол миний хувьд иргэн хүнийхээ хувьд хийх ёстой ажлын нэг. Наадмын өглөө хүрч ирээд уран бүтээлчийн хувьд дунд нь ороод явдаг. Миний ажил, миний хийх ёстой ажил шүү дээ. Бөхчүүд, уяачид нэг тоосоо өргөлөө гэж ярьдаг. Бүтэн жилийнхээ ажлыг Төрийн наадамдаа харуулаад явна гэдэг тэдний хувьд бас нэг ажил. Үүнтэй ажил хэдийчинээ хүн бүрэн дүүрэн, дулаан хандах тусам наадамчдын сэтгэлд тэр энерги очих байх гэж бодож, залбирч зүтгэдэг.
-Энэ жилийн наадмын онцлог гэвэл?
-Мэдээж наадам бүр онцлогтой байдаг. Энэ жил ч гэсэн онцлог дүүрэн наадам байна. Бид хэзээ ч мартаж болохгүй түүхээ буруу санаад өнгөрөх гээд байна. Өнөөгийн залуучуудын дийлэнх нь Халх голын дайн гэж бараг мартаж байгаа байх. Зарим нь дайн болсон ч юм уу гэж бодож яваа. Гэтэл энэ түүхийн 80 жилийн ой тохиож байна. Хүнсний аюулгүй байдлыг хангасан “Атар” эзэмших том хөдөлгөөн гээд энэ бүхнийг бид яагаад мартах ёстой юм бэ. Энэ өмнөх үеийн бүтээсэн юмыг засаад, сайжруулаад өнөө цаг үедээ аваад явах нь гол, мартвал алдас болно. Бид өнөөдөр яагаад хөгжихгүй байна гэж эвэр хушуурахаас өмнө бид юу гээчихсэн юм бэ гэж их бодууштай юм гэж надад санагддаг. Яг ний нуугүй хэлэхэд бидэнд амьдрах ухааны философи сэтгэлгээ гэж байна уу, үүнийг гээчихсэн юм биш байгаа гэсэн эмзэглэл төрдгөө нуугаад яах вэ. Тэгэхээр энэ бүгдийг сануулах, сэргээх, бодуулахад энэ наадмын хөтөлбөр тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэж бодож байна.
-Хоёулаа наадмын бэлтгэл ажлын тухайд товч ярилаа. Таны хувьд хамгийн дурсамжтай наадам хэзээ болж байсан бэ?
-Наадмын тухай хэлэх юм бол сумын наадам шүү дээ. Сумын наадам бол ямар ч хүний сэтгэлд тод үлддэг байх гэж бодож байна. Тэр тусмаа ээжийгээ хормойдоод явж байсан тэр үеэ мартвал алдас болно. Яагаад гэвэл тэр наадам баян, тансаг байдаг. Одоогоос 70-аад жилийн өмнө ээжтэйгээ наадаж явсан наадмын хуушуур амттай байсан шиг одоо ч наадмын хуушуур амтаа алдаагүй байна. Тэгэхээр хүүхэд цагийн ээжтэйгээ үзсэн наадам дурсамж дүүрэн үлджээ.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын ерөнхий продюсерээр Б.Отгонбат сонгогдсон бөгөөд дараах уран бүтээлчид хамтран ажиллаж байна. Үүнд:
- Ерөнхий продюсер: СТА Б.Отгонбат
- Ерөнхий хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч, гүйцэтгэх найруулагч: СТА Г.Ган-Очир
- Зохиолыг санаачлагч: МУУГЗ Г.Цоггэрэл, СТА Г.Ган – ОчирЗохиолч: МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэх
- Ерөнхий менежер П.Цэрэндагва
- Ерөнхий Зураач: О.Баярмагнай
- Хөгжмийн зохиолч: М.Бирваа МУСТА
- Ерөнхий бүжиг дэглээч: Д.Баярбаатар МУУГЗ
- Арт костюм дизайнер: Д.Ариундэлгэр
- Ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажиллаж байна.
Холбоотой мэдээ