Завхан аймгийн Ургамал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Мөнхдалайтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны аав Дашдондов гэдэг хүн морь уядаг байсан уу. Уулзсан хүмүүсийн олонх нь удам дамжсан уяачид байх юм?
-Аав маань хөдөөний малчин хүн. Нэгдэл нийгмийн үед тэмээ голдуу хариулдаг байсан юм. Харин миний хувьд багаас малд элэгтэй байсан учраас 1990 онд цэргээс халагдаж ирээд л мал дагасан даа. Тэгээд үндсэндээ 1992 оноос эхлэн бие даан морь уяж байна. Надад уяаны эрдмийн А үсэг заасан хүн бол Бүрүү гуай. Манай Ургамал сумын хүн л дээ. Морь сайн уяхын зэрэгцээ ханаж, хатгахдаа гаргуун. Ер нь бол морины бариач хүн л дээ. Би багадаа тэр хүний морийг унадаг байсан юм. Бүрүү гуай Хүнгийн голын хүрэн голдуу морьдтой. Сүүлийнх нь ганц нэг хүрэн морийг нь би унаж сумандаа хэд хэдэн удаа айрагдуулж байлаа. Тэр хөгшнөөс би ер нь их зүйл сурсан даа. Хамгийн анх унаган хээр даага уяад, шүдлэнд нь сумынхаа баярт гуравлуулж байлаа. Хээр үрээ маань соёолондоо бас ахиж айрагдаад, тэгээд зуднаар байхгүй болсон. Түүний дараа 1993 онд Ванган гэдэг хүнээс борлог морь авч сумандаа 2-3 ч удаа айрагдуулсан.
-Танай сумынхан аймгаасаа хол учраас тэр болгон очиж наадаж чаддаггүй гэж байна лээ. Таны хувьд мөн адил уу?
-Намайг аймгийн Алдарт уяач болоход гол нөлөөлсөн адуу бол миний хар халзан азарга байгаа юм. Аймгийн статустай тойргийн бүсчилсэн уралдаанд хэд хэдэн удаа түрүүлж, айрагдаж тэрхүү амжилтаар нь би Алдарт уяач болсон доо. Гадагшаа гэвэл Ховд аймгийн Чандмань сумын сургуулийн 70 жилийн ойгоор мөн түрүүлж байлаа. Мөн Увс аймгийн Завхан суманд хэд хэд түрүүлж айрагдсан. Бас миний алаг азарга Завхан сумын наадамд түрүүлж байсан. Завханмандалд ч гэсэн азарга хоёр гурван ч удаа түрүүлгэж байсан. Ер нь азарга голдуу түрүүлгэж, айрагдуулдаг юм байна шүү. Азаргаа хайрлаад яг эвийг нь тааруулан уяж чадах юм бол айрагдчихаад л байдаг юм. Би гурван азарганы амжилтаар 2010 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан.
-Тийм байна. Завхан аймагт дөрвөн ч удаа бүсийн наадам болж байсан. Тэдгээрт оролцож байв уу?
-Сар хайрханы даншигт халтар азаргатайгаа очиж цулбууртай давхиулсан. “Очирваанийн хурд-2009” уралдаанд их насны морьтой очсон, айрагдуулж чадаагүй ээ.
-Хар халзан азарганыхаа удам угшлыг танилцуулаач?
-Тува угшилтай адуу. Тэндээс ирсэн үрээгээр азарга тавьж, манай унаган гүүнээс гарсан юм. Би морь уясан цагаасаа эхлээд л адууныхаа чанарыг сайжруулах тал дээр анхаарч ирсэн. Ялангуяа азарган талдаа ихэд анхаардаг. Түүний үр шимээр үндсэндээ Далай гэдэг бэсрэг угшил шахуу бий болоод байна. Дөрвөлжин, Завханмандал, Эрдэнэхайрхан зэрэг тойргийн сумдад манайхаас авсан үрээгээрээ азарга тавьсан уяач олон бий. Сонгинод ч гэсэн хар азарганы маань төлөөс аваачиж азарга тавьсан. Сантад бас бий. Ер нь манай үрээнүүд нэлээд тарсан шүү.
-Адууны наймаа нэлээд хийдэг юмаа даа?
-Сүйдтэй биш дээ. Адилхан адуунд дуртай улс цусаа сайжруулъя гэхээр үнэ өртөг тохироод өгдөг юм. Би өөрөө ч бас авна. Сүхбаатараас ч авсан. Улаанбаатараас ч авсан. Бага үрээ аваад азарга тавь даг юм. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас авлаа. Төв аймгийн Алтанбулагаас МУ-ын начин Алтангадас гэдэг хүнээс бас нэг үрээ авсан. Энд ирээд суманд айрагдаж л байна.
-Хүүхдүүд аавынхаа буянгаар унаган адуугаараа цээж тэнэгэр наадах нь ээ?
-Хүүхдүүдийн түрүүч нь 20 хүрч байна. Би нэг бандитай. Тэр маань сургууль соёлын мөр хөөгөөд зун амралтаараа ирж надад тусалдаг юм. Яваандаа морь уявал гайгүй л адуу цуглуулсан гэж боддог юм ш дээ.
-Ер нь яагаад монгол эр хүн адуунд тэгтлээ дурладаг юм бэ. Жишээлбэл, таны хувьд…?
-Морьтой холбогдож байж л сайхныг нь мэдэрнэ дээ. Адуу, тэр дундаа хурдан морь гэдэг хүнийг өөд нь татаж, тэтгэж явдаг. Наадмыг бага гэлтгүй баг, бригадын ч бай, тэр бүү хэл сунгаа, үсэргээнийг чамлаж болохгүй. Морь уралдуулахад хүн маш их сайн энерги авдаг. Ер нь би морьтой холбогдсондоо үргэлж баярлаж явдаг. Магадгүй илүү урт наслах байх гэж боддог шүү.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №54
Эх сурвалж: www.todmagnai.mn