С.Баяр дараагийн номдоо долдугаар сарын 1-ний тухай бичнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

С.Баяр дараагийн номдоо долдугаар сарын 1-ний тухай бичнэ

С.Баяр дараагийн номдоо долдугаар сарын 1-ний тухай бичнэ

“Энд ирээд хоёр хонов. Энд гэдэг нь хэцүү нэртэй газар. Газарсах юмгүй шорон. Хуучнаар бол Ганц худаг. Одоогийнхоор бол цагдан хорих 461-р анги…”  Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран хоног”, “Жаран бутархай” ном дээрх хэсгээр эхлэх аж.

Энэхүү ном нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэг “Жаран хоног” нэртэй. Энэ хэсэгт Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрүүлсэн хоёр сарын тэмдэглэл оржээ. Номын хоёрдугаар хэсэг нь “Жаран” бутархай нэртэй. Харин энэ хэсэгт хүний хорвоод нэгэн жарныг туулан амьдрахдаа уулзаж, нөхөрлөсөн хүмүүсийн хөрөг, хувь хувьсгалын амьдралд ул мөрөө үлдээсэн үйл явдлуудын тэмдэглэл багтсан байна.

С.Баярын “Жаран хоног”, “Жаран бутархай” номын нээлтийн ёслол өнөөдөр /2019.07.05/ Сөүл ресторанд боллоо.

БИ ХУВЬДАА МУНДАГ ЗОХИОЛ ГЭЖ ДҮГНЭСЭН

Энэ үеэр номыг хэвлэсэн “Нэпко” хэвлэлийн газрын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баабар “Тухайн хүний нүүрний хувирал, хийж байгаа үйлдлийг байгаа орчинтой нь уусгаж, нүдэнд харагдтал бичдэг Монголын хоёрхон зохиолч бий. С.Баярын бичсэн дүрслэл гайхамшигтай. Нүдэнд харагдах хэмжээнд “Жаран хоног”, “Жаран бутархай” номыг бичжээ. Энэ ном  нь цаг үеэ олсон. Нөгөө талаасаа троллуудын бичээд байгаа шиг өрөвдүүлэх гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Та нар өөрсдөө уншаад үз. Зүгээр л болсон үйл явдлуудыг бүрэн тайлбарлахгүй дөхүүлээд, дөхүүлээд хаячхаж байгаа юм. Үлдсэнийг та нар өөрсдөө тунгаах бодох хэрэгтэй. Би хувьдаа мундаг зохиол гэж дүгнэсэн шүү” хэмээв.

"Энэ номд өгүүлсэн дурсамж, баримт болон тэнд нэр дурдагдсан хувь хүмүүстэй холбогдох гучаад гэрэл зургийг хавсаргасан байна. Орчин үеийн баримтат уран сайхны номын стандартаар бүтээгдсэн энэхүү дурсамж дуртгалын зургийн тайлбарууд нь тусдаа агуулгатай контент болж орсон нь сонирхолтой. Өнөөгийн болон өнгөрсөн үеийн түүхийн хамгийн сонирхолтой эргэлтүүд, бодит баримт, нөлөө бүхий зүтгэлтнүүдийн ааш араншинг тод харуулж, маш сонирхолтой бичсэн энэ ном уншигчдын сонирхлыг татах нь дамжиггүй" хэмээн нийтлэлч Б.Цэнддоо онцолж байсан юм.

ХОЁР ДАХЬ НОМЫН ОРШИЛ НЬ 60 ХОНОГ БИШ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ БАЙГААСАЙ

Нээлтийн төгсгөлд “Жаран хоног”, “Жаран бутархай” номын зохиолч С.Баяр өөрийн сэтгэгдлээ  хуваалцлаа. Тэрбээр “Энэ ном бүтэхэд олон жилийн хугацаа зарцуулсан. Санаанд ямар нэгэн зүйл орж ирэхэд тухай бүрт нь тэмдэглээд л явдаг байсан. Халаасанд сул задгай мөнгө шиг шажигнаад байдаг байсан гэх үү дээ. Хэзээ нэгэн цагт халаасан дахь задгай мөнгөө бүхэлдүүлж, ном гаргана гэсэн бодол байсан. Би ном бичдэг бус уншдаг хүн байсан бол өнөөдөр "Жаран хоног”, “Жаран бутархай” номын ард гарлаа. Сэтгэгдэл сайхан байна.

Гэхдээ халаасанд дахиад задгай мөнгө үлдсэн. Номд багтаах гэсэн боловч олон зүйлийг хамж шимээд нийтлээд яах вэ гэж бодоод хассан. Тэгэхээр энэ дайны задгай бутархай мөнгө яваа. Түүнийгээ хэзээ нэгэн цагт бүхэлдүүлж гаргана. Ямартай ч оршил нь 60 хоног биш байгаасай л гэж хүсч байна. Оршил нь гэрэл гэгээтэй байгаасай.

Өчигдөр УИХ-ын нэг гишүүн зурагтаар “Стандарт банктай холбоотой Жастын Ш.Батхүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр үгсэн хуйвалдсан. Үүнийг шүүх авч хэлэлцэхгүй байна” ухааны зүйл ярьж байна лээ. Сонсоод чихэндээ итгээгүй. Би  ам булаацалдсан маргаанд оролцоод байдаг хүн биш. Гэхдээ өнөөдөр шоронд орсноос биш шороо үмхчхээгүй байна. Тиймээс цаашдаа олны анхааралд байдаг, олны дунд яригдаад байдаг сэдвүүдийн талаар тус тусад нь эсхүл нийлүүлээд нэг ном бичнэ гэсэн бодол бий. Ямартай ч монголын түүхэнд хар өдөр гэж нэрлэгддэг долдугаар сарын 1-ний үйл явдлаар ном бичнэ. Мөн “Жаран хоног”, “Жаран бутархай” номыг үргэлжлүүлэн бичихийг ч хичээнэ” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж