Монгол Улсад Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил хийгдэж, ашиглалтад ороход дөхөж байна. Энэхүү шинэ нисэх буудлыг нийслэлтэй холбосон хурдны зам өнөөдөр /2019.07.05/ ашиглалтад орж, Хөшгийн хөндий дэх нисэх буудалд МИАТ ТӨХК-ийн В737-800 агаарын хөлөг анхны нислэгээ үйлдэж амжилттай газардлаа.
Нийт 65.6 тэрбум иений өртөгөөр бүтэж буй уг онгоцны буудал нь жилдээ гурван сая зорчигч хүлээн авах боломжтой юм. Одоогийн ашиглаж буй Чингис хаан нисэх онгоцны буудлаас хэд хэдэн дэвшилт гаргасан. Тухайлбал хөөрч буух зурвас нь хоёр талаасаа хөөрч буух боломжтой. Ингэснээр нислэгийн сааталт багасах юм байна. Мөн нисэх онгоцны буудлын барилга бүх талаараа хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод ашиглахад хялбар, иж бүрэн технологиор бүтээгдсэн төдийгүй орчигчид өөрсдийгөө бүртгэх тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Харин тус нисэх буудлыг нийслэлтэй хоттой холбосон Монголын анхны хурдны авто зам нь 32.2 км асфальт бетон хучилттай, зургаан ширхэг гүүр, 21 ширхэг нүхэн гарцтай 28 ширхэг дугуй хоолой тус тус баригдсан олон улсын стандартад нийцжээ. Хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долоодугаар сарын 3-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгчээ. Эдгээр бүтээн байгуулалт нь Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийгдэж буй хамгийн том ажил гэдгийг хоёр орны Засгийн газрын удирдлага, холбогдох албаны хүмүүс хэлж байв.
АВТО ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ХУРД ХЭТРҮҮЛНЭ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ
Зам, тээвэр хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН:
– Монгол Улс анхны хурдны замаа өнөөдөр хүлээн авч байна. Эрхзүйн хэллэгт 1996 онд "тууш зам" гэж орсон байдаг. Иргэдэд хэлэхэд хурдалдаг зам гэж ойлгож болохгүй. 100км/цагийн хурдтай явна. Автобусны зогсоол байхгүй. Эргэх, тойрох орц, гарцгүй. Аваарын 10 гарц, зургаан гүүр, үер усны 49 хоолойтой. Монголын анхны хурдны автозамд гялбаанаас хамгаалсан хаалтууд болон камер байршуулсан. Цаашид Монгол Улс ийм автозамын бүтээн байгуулалтуудыг хийх болно.
БНХАУ МОНГОЛ УЛС ХОЁР ОРНЫ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙН ХАМГИЙН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ХИЙГДЛЭЭ
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ШИН ХАЙМИН:
БНХАУ, Монгол Улс хоёр орны хувьд 2019 он бол маш чухал жил. Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, найрсаг харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйгаараа онцлог. Хятад Монгол хоёр улс бол сайн найз, сайн хөрш, сайн түншүүд гэдгийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин одоогоос хэдхэн сарын өмнө хэлж байсан удаатай. Өнөөдөр бид баяр хөөр дүүрэн хуран цугларч Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны автозамыг албан ёсоор нээж буйг гэрчилж байна.Энэ бол Монгол Улсын анхны хурдны зам. Эдийн засгийн худалдаа, хамтын ажиллагааны үр дүнг өгсөн баярт явдал бөгөөд БНХАУ, Монгол Улс хоёр орон дипломат харилцаат тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийгдэж буй том арга хэмжээний нэг юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ