Путин Ромын паптай уулзахдаа урьдын адил хоцорчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Путин Ромын паптай уулзахдаа урьдын адил хоцорчээ

Путин Ромын паптай уулзахдаа урьдын адил хоцорчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ватиканд Ромын паптай гурав дахь удаагаа уулзжээ. Тэрбээр өмнөхийн адил тус уулзалтад хоцорчээ. Тэдний уулзалт цаг орчим үргэлжилсэн байна.

Уулзалтын төгсгөлд Ромын пап Путинд "Ромыг мартахгүй" хэмээн XVIII зууны Гэгээн Петрийн талбай бүхий сийлбэр бэлэглэжээ. Хариуд нь Путин Ромын папад Петр Паул гэгээнтнүүдийн хөргийг Андрей Кончаловскийн “Нүгэл хилэнц” киноны дисктэй хамт бэлэг болгон өгөөд, "Энэ маш сайн кино" хэмээн хэлсэн байна.

Энэхүү уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Италийн Ерөнхийлөгч Сержио Маттелла, Ерөнхий сайд Жузеппе Конте, ерөнхий сайд асан Силвио Берлускони нартай уулзахаар хэдийнэ төлөвлөжээ.

Путин, Ромын пап нарын уулзалт хаалттай хаалганы цаана өрнөсөн бөгөөд уулзалтын талаар хэвлэлийнхэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй аж. Харин Ватиканы хэвлэлийн албанаас Ромын пап ОХУ-ын Ерөнхийлөгчтэй олон улсад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, Сири, Украин, Венесуэлийн нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай талаар ярилцсан тухай мэдээлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков уулзалтын өмнөхөн Ватикан, Орос хоёр терроризмтэй тэмцэхэд чиглэсэн асуудлууд болон шашны хэт даврах байдал, технологийн гамшиг, мөргөлдөөний бүс дэх Христэд итгэгчдийг хамгаалах зэрэг асуудлуудаар бараг нэг байр суурьтай байгаа талаар мэдээлжээ.

Мөн тэрбээр 2016 онд Гаванад болсон Пап лам Франсис, патриарх Кирил нарын түүхэн уулзалтын дараа, хоёр орны сүмүүдийн харилцаа "шинэ түвшин”-д гарсан гэж мэдэгдсэн байна.

Путин өнгөрсөн Пүрэв гаригт Ромын паптай уулзахдаа 30 орчим минут хоцорч, уулзалт төлөвлөсөн цагаасаа 45 минутын дараа эхэлсэн талаар “Интерфакс” уламжилжээ. Харин “Ройтерс” агентлаг Путиныг уулзалтаас нэг цаг хоцорсон гэж мэдээлсэн байна.

Өмнө нь ОХУ-ын Төрийн тэргүүн Ватиканд хоёр удаа айлчилж, Ромын паптай уулзахдаа хоёуланд нь хоцорч иржээ. Эхний удаад тэрбээр 2013 оны арваннэгдүгээр сард Ромын пап ламтай уулзахдаа төлөвлөсөн цагаасаа 50 минут хоцорсон бол 2015 оны зургадугаар сард цаг гаруй хоцорсон хэмээн хэвлэлүүдэд мэдээлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж