Зүүн хойд Азийн бага хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Зүүн хойд Азийн бага хурал үргэлжилж байна

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал өнөөдөр эхэлсэн. Гадаад хэргийн яаманд хоёр өдөр үргэлжлэх юм. Бага хуралд Европ, Америк тивийн 50 орчим эрдэмтэн судлаач иржээ. Олон улсын эрдэмтэд чуулж Зүүн хойд Азийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудал, мөн бүс нутгийн эрчим хүч, дэд бүтцийн харилцаа, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж байгаа юм. Цаашид олон улсын бага хурал жил бүрийн зургадугаар сард Улаанбаатар хотноо тогтмол зохиогдохоор болжээ.

Оролцогчдын зүгээс энэ удаагийн бага хурлыг бүс нутагт тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэж, нэг ойлголттой болох томоохон ач холбогдолтой хэмээн тайлбарлаж байна.

Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Ганболд:

Зүүн хойд Азийн орнуудын бага хурал нь ихээхэн ач холбогдолтой. Эдгээр оронд газар нутаг, зэр зэвсгээс эхлээд маргаантай, тодорхой ойлголцолд хүрээгүй асуудал олон бий. Гэтэл нэгдсэн байдлаар эдгээр асуудлаа шийдвэрлэхэд яриа хэлэлцээрийн механизм байдаггүй. Тиймээс энэ удаад уулзаж маргаантай асуудлаа хэлэлцэх нь томоохон ач холбогдолтой юм. Бүсийн орнуудад дайнаас хойш шийдээгүй асуудал багагүй бий. Тиймээс энэ асуудлаа шийдвэрлэж, нэгдсэн ойлголтод хүрэх боломж гэж харж байна.


Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат:

Уламжлалт аюул гэж юм бий. Тухайлбал, БНАСАУ, ОХУ, БНХАУ цөмийн зэвсэгтэй. Харин Япон, БНСУ улс цөмийн зэвсгийн шүхэр дор байдаг. Зүүн өмнөд Азийн орнуудтай харьцуулахад хойд бүс нь цөмийн зэвсэгтэй, уламжлалт аюул ихтэй гэж хэлж болно. Тиймээс Зүүн хойд Азийн бүсийн орнуудад итгэлцэл маш чухал. Энэ итгэлцлийг төрүүлэхэд яриа хэлэлцээ томоохон үүрэг гүйцэтгэнэ.


“Takushoku ” их сургуулийн профессор Такеседа Хидеши:

Зэр зэвсэг, цэрэг гээд маргаантай багагүй асуудал байна. БНХАУ-ын цэрэг л гэхэд Зүүн хойд Азийн бүсийн хэмжээнд сорилт учруулж байна. Тиймээс эдгээр асуудалд тодорхой ойлголтод хүрэхийн тулд хэлэлцээ шаардлагатай.

Монгол Улсын хувьд энэ бүс нутгийн бүх улстай найрсаг харилцаатай байдаг. Тиймээс энэ удаагийн бага хуралд Монгол Улс томоохон үүрэг гүйцэтгэж байна.

Б.ЗАЯА

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж