Арилжааны зургаан банкийг магадлан итгэмжлэнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Арилжааны зургаан банкийг магадлан итгэмжлэнэ

Монголбанкнаас 2019 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлын талаар өнөөдөр /2019.07.05/ мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг мэдээлэл өгөхдөө “Саарал жагсаалтын хувьд 2016 оны аравдугаар сард Ази номхон далайн бүлгэм гэдэг байгууллагаас 2013-2016 онд Монголын төрийн байгууллагууд мөнгө угаахтай холбоотой терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг ямар арга хэмжээнүүд авч байсан бэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгч ирсэн. Тэдний тайлан 2017 оны наймдугаар сард гарч, тодорхой зөвлөмжүүд өгсөн байгаа. Үүнээс хойш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газрын түвшинд Үндэсний зөвлөл байгуулж, өмнө нь Хамтын ажиллагааны зөвлөл гэж байгуулагдсан байсан. Тэгээд эдгээр зөвлөлүүдээрээ дамжуулан төлөвлөгөө гарган ажиллаад ирсэн.

Тэр байгууллагын анхны дүгнэлтээр Ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хуультай холбоотойгоор Монгол Улс хүнд нөхцөл байдлын үнэлэлт дүгнэлтийг авсан. Тэр хуулиндаа мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалтууд олон улсын стандартад нийцээгүй. Үүнээс гаргах ажлыг хийгээд одоо саарал жагсаалтаас гарах ажлыг хийж байгаа. Энэ нь хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг. Нэгд нь техникийн хэрэгжилт гэсэн ойлголт байгаа. Тэр нь олон улсын эдийн засгийн хөгжил хамтын ажиллагааны байгууллагын томоохон 20 улсын нэгдэж гаргасан, зорилт бий. Уг зорилтын хүрээнд техникийн хэрэгжилт нь 40 зөвлөмжийн дагуу явагддаг. Тэр 40 зөвлөмжид огт нийцэхгүй тав, хагас нийцэлтэй 15, бүрэн нийцэлтэй тав гэдэг дүгнэлт гарсан. Өнөөдрийн нөхцөл байдалд бид Ази номхон далайн бүлгэм, Олон улсын вальютын сан, АНУ-ын Сангийн яам, Австралийн Дотоод хэргийн яамтай хамтран ажилласан. Монголбанк ингэж ажиллаад, өнөөдрийн байдлаар текникийн хэрэгжилтэд нийцэхгүй гэсэн зүйл байхгүй болсон.

Өнөөдрийн байдлаар хагас нийцэлтэй есөн зөвлөмж дээр ажиллаж байна. Энэ бол багагүй хөдөлмөр. Хоёрдугаарт шууд хэрэгжилт гэж зүйл бий. Тэр нь бас л 11 зорилттой. Энэ зорилтын хүрээнд эрх зүйн орчин, техникийн шинж чанар сайн байсан ч хэрэгжилт нь ямар байна вэ гэдэг асуудал тавигддаг. Тиймээс хэрэгжилтийн тал дээр Монгол Улс дутагдалтай байгаа. Учир нь нийт 11 зөвлөмжийн гурван зорилт дээр нь манай Тагнуулын ерөнхий газраас их ажлыг хийсэн. Тэр нь терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэх асуудалтай холбоотой юм. Хяналт шалгалттай холбоотойгоор Монголбанк Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж, эрсдэл дээр суурилсан шалгалт руу шилжсэн. Бид яг мөнгө угаахтай холбоотой тусгай нэгж гаргаж, хяналт шалгалтыг хийсэн. Үр дүн ч гарсан. Банк бус байгууллагууд дээр манай Санхүүгийн зохицуулах хороо сайн ажилласан.

Дутагдалтай явж байгаа нэг асуудал бол өнөөдөр Прокурорын ерөнхий газраас мөнгө угаахтай холбоотой хэргийг шүүхийн байгууллага руу шилжүүлсэн ч гэсэн шүүх дээр энэ хэрэгтэй холбоотойгоор шийдвэрлэгдсэн хэрэг Монгол Улсад алга.Тиймээс олон улсын байгууллагаас хэрэгжилт байхгүй байна гэж үзэж байгаа” гэв.

Ирэх наймдугаар сард Ази номхон далайн бүлгийн хурал болно. Тэр хуралд Үндэсний зөвлөлөөс оролцохоор бэлтгэлээ хангаад, шууд хэрэгжилтийн 11 зорилт дээр 11 ажлын хэсэг гаргаад явж байгаа. Энэ ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Г.Элбэгсайхан ахалж байна” гэв.

Саарал жагсаалтад орохгүй байхын төлөө сүүлийн хоёр жил ажилласан. Одоо ирэх наймдугаар сар, аравдугаар сард болох олон улсын хурлуудаас ажлын үр дүнгээ харна. Саарал жагсаалтад орлоо гэхэд үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, Монгол Улсад хугацаатай даалгавар өгч, өндөр түвшинд амлалт авна. Манай улсын Үндэсний зөвлөлийн даргад олон улсын байгууллагаас захиа ирүүлэхдээ “Ерөнхий сайдын түвшинд төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Энэ асуудалд өндөр түвшинд ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэх ёстой” гэсэн байсан.

Тэрбээр сэтгүүлчийн асуусан магадлан шинжилгээтэй холбоотой асуултад хариулт өгсөн юм. “Арилжааны банкны активын чанарын үнэлгээний дүнгээр долоон банк өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан. Нэг банк нь 2018 оны жилийн эцсийн тайлангаар өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөж чадаагүй учраас дөрөвдүгээр сард татан буугдсан. Өнгөрөгч гуравдугаар сард Олон улсын вальютын сангийнхантай ярилцахдаа “Арилжааны банкуудад магадлан шинжилгээг хийе. Ингэхдээ ажлын даалгаврыг дөрөвдүгээр сарын сүүлчээр бэлэн болгосон. Тэгээд Монгол Улсын хуулийн нийцэл нь юу байх вэ гэдэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Засгийн газар, Олон улсын вальютын сантай хамтран ажилласан. Үүний дагуу тавдугаар сарын эхээр хийж, одоо энэ чиглэлээр олон улсад мэргэшсэн нэр хүнд бүхий санхүүгийн аудитын үйлчилгээ үзүүлдэг компанийг сонгон шалгаруулж, ажил нь эхлээд 14 хонож байна. Урьдчилсан байдлаар бидний ярилцсанаар наймдугаар сарын хоёр дахь долоо хоног гэхэд магадлан шинжилгээний ажлыг зургаан банкинд хийж дуусгана” гэв.

Харин дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярихдаа “Төв банкны үндсэн зорилго бол үнийн тогтвортой байдал. Ерөнхийдөө инфляцийн түвшин тавдугаар сарын сүүлчээр 7.9 хувьтай гарсан. Үнийн тогтвортой байдлаас гадна ханшийн тогтортой байдал чухал. Энэ ч утгаараа Монголбанк ханшийн огцом савалгаа гаргахгүйн тулд ажиллаж байна. Тодорхой тоо хэлбэл, төгрөгийн ханш 2017 онд ам.долларын эсрэг таван хувиар чангарсан бол 2018 онд 89 хувиар суларсан. Харин 2019 он гараад хагас жил болоход 0.5 хувиар суларчихаад байна. Энэ бол огцом савалгаагүй байна гэсэн үг. Манай улс 2017 онд Олон улсын вальютын сангийн хөтөлбөрт орж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, төгрөгийн ханш чангарсан. Дараагаар нь 2018 онд дэлхийн эдийн засагт хүндрэл гарч, АНУ-ын төв банк ам.долларын бодлогын хүүг нэмэгдүүлж байсантай холбоотойгоор дэлхийн улсуудын мөнгөний ханш суларсан. Өнөөдөр Монгол Улсын гадаад вальютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бол хангалттай хэмжээний нөөц” гэсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж