Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Монголчуудын хувьд энэ өдрийг мартаж болохгүй. Харийн эзлэн түрэмгийлэгчдээс өөр эх орон, газар шороогоо хамгаалж, тусгаар тогтнолоо сэргээх гэсэн эх орончид 95 жилийн тэртээх энэ өдөр буюу 1920 оны зургадугаар сарын 25-нд Хүрээнд суух түшмэл С.Данзангийн гэрт Ардын нам нэрийн дор нэгдэн ард түмэн, улс орныхоо тусгаар оршихуйн төлөө амь нас, эд хөрөнгөө үл хайрлан зүтгэхээ илэрхийлж андгай, тангараг өргөн нэгджээ. Үүнээс өмнө Түшмэдийн, Ноёдын, Ардын гэхчилэн намын тодотгол, нэр зүүж, тусгаар байхын учир шалтгааныг ухуулан, байсан эх орончид нэгдсэн нь энэ байлаа. Ардын намыг албан ёсоор гэрчлэх анхны албан ёсны баталгаа болсон тамгыг энэ л өдөр Солийн Данзангийн хүрэн ширээний хөлөөр Догсомын Бодоо сийлжээ. Чухам яагаад “нам” гэснийг тодорхой мэдэхгүй ч харийн түрэмгийлэгчдэд баригдахгүй гэсэндээ нам нийлж сэм хуйвалдах зорилготой байсан учраас ийн нэрийдсэн гэж зарим түүхч тайлбарладаг. Чухам тэдний энэ ариун үйлсийн ачаар өнөөгийн бидний тусгаар тогтнол олдсон гэдэгтэй хэн ч маргахгүй үнэн. Тиймээс ч “нам” гэдэг үгийг тусгаар тогтнол, намын төлөөллийг эх орончид гэж монголчууд сэтгэж, хүндэлж ирсэн нь ойлгомжтой.

Харин өнөөдөр энэ түүхэн үг муу, муухайгийн илэрхийлэл болон хувирчээ. Эх оронч гэдэг үгийн үнэ цэнэ тэртээ дор гишгэгдэх болж. 95 жилийн тэртээр намчид эх орныхоо төлөө өөрсдийн эд хөрөнгө, мал ахуйгаа харамгүй гарган, хоёргүй сэтгэлээр улс, эрх орныхоо төлөө тэмцэж байсан бол өнөөдрийн намчид тэднээс урвуугаараа.

Баяжих, хөлжих, хүүхэд, гэр бүлээ машин унаатай, машин утаатай нь бүр гоё машинтай, албан тушаалд ахих шат, төрийн мөнгийг цөлмөх, өөрсдийн явцуу эрх ашгийг хамгаалуулах зэвсэг болгон намыг ашигладаг болж. Тэнгэр газар шиг ялгаатай улс. Анхны нам байгуулагчдын үнэт зүйлс өнөөгийн намчдын худалдаж, хөрөнгөжих хэрэгсэл болон хувирч.

Хулгайчийг бариарай гэж хулгайч хамгаас чанга хашгирдаг гэдэг шиг “эрх орон”, “ард түмнийхээ төлөө” гэх үгсийг хамгийн их хашгирч, харин дараа нь уруудуулан доройтуулдаг увайгүй бүхний үүр уурхай нь нам болон хувирч. Залуус үзэл бодол, үнэт зүйлсээ хамгаалахын төлөө бус албан тушаал, амьдралын боломжоо богино хугацаанд сайжруулах хаалга хэмээн тэр зүгт зүтгэх болоод уджээ. Төрийн албанд эрдэм, боловсролтой, чадалтай чансаатай нь бус “нам” гэх ганцхан шалгуураар хэмжүүлдэг болсон нь нууц биш.

Хорин хэдхэн настайгаасаа хижээл насны эр болтлоо намын буянаар хөрөнгө, зоорио зузаатгасан үлгэр жишээнүүд шоронд биш Төрийн ордонд суусаар буй цагт өөрийн боловсрол, чадалд найдахаас илүүтэй намын хаалгаар багтаад орохыг хүсэхээс ч яах билээ.

Тиймээс энэ бүхнийг өөрчлөхийн тулд хамгийн түрүүнд Төрийн албаны тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлага гарна. Энэ бүх идээ бээрийг хуулийн хүрээнд хэрхэн засах талаар Ерөнхийлөгч өөрийн хувилбараа санал болгосон. Тэрхүү хуулийн төслөөр төрийн байгууллагын үйл ажиллагаанд төрлийн харилцааг хатуу хориглосон гэнэ. Өөрөөр хэлбэл, төрийн албыг төрлийн алба болгочихсон тохиолдол Баянгол дүүргээс эхлээд яамдаар дүүрэн бий. Энэ бүхнийг дээрх зохицуулалтаар цэвэрлэнэ гэсэн үг.

Дээр нь хамгийн том хуйвалдаан болдог Ерөнхий сайд, сайд нарын томилгоог намаас салгаж буй аж. Ерөнхий сайд болохын тулд фракцууддаа сайдын суудал, агентлаг бэлэглэдэг тохиолдлыг байхгүй болгохын тулд Ерөнхий сайдын намын бага хурал, ҮЗХ-ны хурлаар хэлэлцээд оруулж ирдэгийг болиулж зөвхөн намын бүлгүүд л хэлэлцдэг болох нь. Харин сайдын суудлын наймааг таслан зогсоохын тулд Ерөнхий сайд шууд бүрэн эрхийнхээ хүрээнд томилдог болгож буй аж. Өнөөдөр сайдыг УИХ-аас томилдог учраас дургүйгээ хүрвэл огцруулж, дураа хүрэхээр өөрийнхөө хүнийг тавиулдаг хууль үйлчилж байгаа.

Дээр сонгууль дөхөөд ирэхээр нэр дэвших мандат авахын тулд намдаа баруун солгойгүй хандив өргөж, нам нь нэр дэвшүүлэх мандатаа авлигаар арилжаад буй нэг хэлбэр ажиглагддаг. Харин үүнийг хориглоогүй ч хандивласан мөнгийг нь улсын орлого болгохоор Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгажээ. Дээр нь хатуу гишүүнчлэлийг болиулж уян хатан болгох аж. Бас нэг чухал заалт нь намчирхалыг зогсоохын тулд 3000-аас доош хүн амтай засаг захиргааны нэгжид намын салбар байгуулахыг хориглох аж.

Намын одон, намын эмэгтэйчүүд, ахмад, залуучуудын гээд холбоод зэргийг ч байгуулахыг хориглож буй аж. Үүний цаана асар их ашиг сонирхол, мөнгө, эрх мэдэл явдаг. Тиймээс ч түүний араас үхэн хатан зүтгэдэг. Үүний бодит жишээг өнгөрсөн долоо хоногт болсон НАМЗХ-ны хурал харуулсан. Тиймээс үүнийг болиулж, харин түүний оронд клуб байгуулж болно гэсэн үг. Намыг шилэн данстай болгож, салбар холбоод байгуулахыг хориглосноор бүх зүйл намын дансаар дамжина. Намаас салбарласан олон данс тооцоогоор “хор” гүйлгэхээ болино гэсэн үг.

Дээр нь төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр намд худалдан авсан, барьсан өмчийн асуудлыг шийдэх нь.

Энэ бүхнийг хийхгүй бол төрийн дээр нам сандаалж байна. Тиймээс ч төрийн өмч, хөрөнгийг төр биш намын эрх мэдэлтнүүд шамшигдуулж, эдийн засгийн үндсэн бүтцийг бизнесийнхэн бус намчид удирдаж, улс орны эрх ашгийг уландаа гишгэлж, намыг дээгүүрт, түүнээс ч дээгүүрт бүлэглэлийн эрх ашгийг тавьж байна. Тиймээс л бид энэ бүхнийг өөрчлөх цаг иржээ.

Эзэмшсэн мэргэжлээрээ, хүссэн газартаа ажиллаж, ажлын амжилтаараа амьдрал ахуйгаа өөд нь татдаг болохын тулд энэ бүхнийг шийдэх л хэрэгтэй. Бүхнийг намын нарийн хонгилоор хардаг болсны гайгаар өнөөдөр монголчуудын амьдрал, эдийн засаг улам бүр доошоо унасаар л байна.

Нам нийлж, сэм хуйвалдахаас жирийн иргэд залхсан ч, бялуу хүртэгсэд бялуурах болоогүй л яваа. Тиймээс тэднийг шахаанд оруулж, зүй гольдролд нь оруулахын тулд иргэн бүхний дуу хоолой чухал. Үгүй гэвэл намчдын баярын өдрүүд үргэлжилсээр л байх болно. 95 жилийн өмнө эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэхээр Монголд анх нам байгуулагдаж байсан шиг өнөөдрийг утгагүй намчирхлаас улсаа цэвэрлэх өдөр болгосон ч яах вэ дээ.

Л.НАРАНТӨГС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж