Гаалийн хяналтын байцаагчид өчигдөр хилээр 300 гаруй сум хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Албаныхны мэдээлж буйгаар энэ нь Тоз-8 гэх найман мм-ийн сум байжээ.
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын, Гаалийн зөрчил хариуцсан байцаагч Г.Оюунцэцэг “Ачааны эзэн нь шалгалтын явцад хувцас явуулж байна гэж мэдүүлсэн. Гэсэн ч шалгалт хийгээд үзэхэд калибер бууны 321 сумыг тугалган цаасанд боож хил нэвтрүүлэх гэж байгаа нь илэрсэн. Анхнаасаа худал мэдүүлэг өгснөөс үзэхэд санаатайгаар хууль зөрчих гэж байсан. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа” гэв. Энэ нь эрүүгийн хуулийн 198 дүгээр зүйлд хамаарагддаг. Энэ хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байгаа аж.
Сумыг тугалган цаасанд боож, витамины сав, загасны хэрэгсэл, пүүзэнд хийж далдалсан байжээ.
Түүний хэлж буйгаар иргэд тугалган цаасанд боохоор шалгалтын явцад илэрдэггүй хэмээн андуурдаг гэнэ. Гэвч ийм тохиолдолд ч илрэх нь тодорхой байдаг гэв.
Б.ЗАЯА