Ардын язгуур урлагийн анхдагч болох “Бөртэ” хамтлагийнхан Европын язгуур урлагийн 30 дахь удаагийн их наадамд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцож байна. Тодруулбал, долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 4-ний өдрүүдэд ХБНГУ-н Ноёштадт Холштайн хотноо зохион байгуулагдах томоохон наадамд уран бүтээлийнхээ дээжсээс хүргэх нь ээ.
Тус наадам нь гурван жил тутамд зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй язгуур урлагийн томоохон наадмын нэг бөгөөд нийт 400 гаруй олон улсын уран бүтээлч оролцож, 50 мянган үзэгчдийг хамардаг олон үндэстний язгуур урлагийн наадам ажээ.
“Бөртэ” хамтлаг этник урсгалаар 1999 онд тоглож эхэлсэн. Тэдний анхны “Говь” бүтээл нь "Ингэн тэмээний нулимс" киноны хөгжмөөр Оскарт нэр дэвшиж, "Шар нохойн там" киноны хөгжмөөр Манхаттаны 13 дугаар Хэмптоны их наадмын шилдэг хөгжмийн шагнал, Германы пянз үйлдвэрлэгчдийн шилдэг уран бүтээлийн шагнал, эх орондоо "Гоо марал" шагналыг хүртэж байсан билээ. Хамтлагийнхан хамгийн сүүлд “Алтай” хэмээх шинэхэн уран бүтээлээ ард түмний хүртээл болгоод байгаа юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ