МАК-ийн элсэн говь дахь бүтээн байгуулалт

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

МАК-ийн элсэн говь дахь бүтээн байгуулалт

МАК-ийн элсэн говь дахь бүтээн байгуулалт

-НАРИЙН СУХАЙТЫН УУРХАЙД ОРОН НУТГИЙН 147 ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА-

Улаанбаатар хотоос 850 км зайтай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын чулуун нүүрсний ордод зочиллоо. Тус ордод “Монголын Алт” (МАК) ХХК өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай чулуун нүүрсний уурхайгаа 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нээж, 2008 оны тавдугаар сарын 30-нд анхны нүүрсээ экспортолжээ.

Нарийн сухайтын уурхайн орлогч дарга Н.Мөнгөнжолоогийн ярьснаар, өнөөдрийн байдлаар тус уурхайд нийт 903 ажилтан ажиллаж буйгаас 147 нь Өмнөговь аймгийн уугуул иргэн бөгөөд хүйсээр нь авч үзвэл 26 эмэгтэй, 121 эрэгтэй ажилтан байна.

“Монголын Алт” (МАК) ХХК 2002-2006 онуудад Нарийн сухайтын ордод өөрийн хүч хөрөнгөөр хайгуулын ажил гүйцэтгэсний үр дүнд 229 сая тонн нүүрсний нөөц тогтоожээ. Уурхайн нийт олборлох хүчин чадал жилдээ 10 сая тонн нүүрс.

ГУРВАНТЭС СУМАНД 320 ХҮҮХДИЙН ДУНД СУРГУУЛЬ, 120 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ
ДОТУУР БАЙР БАРЬЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

МАК компани нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймагт олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Онцлоход, 2006 онд Монгол Улсын Засгийн газрын байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-гээр хүлээсэн үүргийн дагуу БНХАУ-аас Засгийн газартай байгуулсан 35 кВа-гийн өндөр хүчдэлийн цахилгаан эрчим хүч импортоор оруулан Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Овоотын хилийн цэргийн анги, Шивээхүрэнгийн хилийн боомтыг 2010 оноос Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумдыг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж буй юм байна. Өнгөрсөн жилд 1.1 тэрбум юань буюу 300 орчим тэрбум төгрөгийн (97.3 сая кВт.ц) цахилгаан эрчим хүчийг импортоор оруулан хэрэглэгчдэд түгээжээ.

Эрчим хүчээ урдаас 243.5 төгрөгөөр авч, айл өрхөд 102 төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагуудад 156 төгрөгөөр, уул уурхайн компаниудад 208 төгрөгөөр өгдөг бөгөөд жилдээ 700-800 сая төгрөгийн алдагдал хүлээдэг байна.

Мөн Овоотын 0166 дугаар отрядын алба хаагчдад зориулан 60-73 мкв-ын сонголттой нам даралтын зуухаар халдаг 12 айлын орон сууцыг 545 сая төгрөгөөр барьж өгчээ. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд “Хүүхэд, залуучуудын соёл спортын төвийн барилгыг 873.3 сая төгрөгийн өртгөөр барьж, ашиглалтад оруулан хүлээлгэж өгсөн байна.

Шивээхүрэн боомтын гаалийн газар, хилийн шалган, хилийн цэргийн анги, мэргэжлийн хяналтын албанд 69,4 сая төгрөгийн үнэ бүхий зөөврийн сууц, компьютер, бусад тоног төхөөрөмжийн хамтаар хүлээлгэж өгчээ.

Нүүрс экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 2012 онд Шивээхүрэн боомт дээр нүүрс тээврийн машин нэвтрүүлэх найман гарц шинээр барьж ашиглалтад оруулсан байна. Энэхүү найман гарц нь сүүлийн үеийн автомат паспорт уншигч болон царайгаар уншигчаар бүрэн тоноглогджээ.

Экспортын бүрдүүлэлтийг шуурхай болгох зорилгоор уурхайн дэргэд гаалийн хяналтын бүс байгуулсан байна. Энэхүү бүс нь хилийн боомттой холбогдсон шилэн кабелийн интернэт сүлжээ, хүнд даацын машины пүү, гаалийн болон хяналтын ажилтнуудад зориулсан оффис, хяналт шалгалтын байгууламж, тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

Боловсролыг дэмжих чиглэлээр орон нутгийн хүүхдүүдийн сурах таатай нөхцөл боломжийг бий болгон сайжруулах зорилтын дагуу Гурвантэс суманд 320 хүүхдийн дунд сургууль, 120 хүүхдийн багтаамжтай дотуур байр барьж хүлээлгэн өгсөн байна. Энэхүү бүтээн байгуулалтад нийт 2 тэрбум 20 сая төгрөг зарцуулжээ.

Мөн нэг дор 500 ажилтан байрлуулах хүчин чадалтай ажилчдын байр, зочид буудал, спорт заал, орон нутгийн ажилчдын гэр бүлээрээ амьдрах байр, хүнсний болон нарийн ногооны хүлэмж, шувууны туслах аж ахуй зэрэг олон бүтээн байгуулалт хийж,  ажилчдын ажиллах таатай орчинг бүрдүүлжээ.

Нарийн сухайтын уурхайн бульдозерчин Г.Батбаатар "Гэр бүлдээ ойрхон байна гэдэг уурхайчин хүний хувьд хамгийн сайхан аз завшаан. Өөрийн төрж, өссөн нутгийнхаа хөгжилд багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байна гэж бодож, сэтгэл өег явдаг. Би "МАК" компанид гурван жил ажиллаж байна. Шалгуур өндөртэй. Өмнө нь ажиллаж байсан туршлага ажилд орох аз завшаан олгосон. Энд 28 хоног ажиллаад, 14 хоног гэртээ амардаг. Ажлын байр, амралтын хотхон ая тухтай. Цалин амьдралд хүрэлцээтэй” хэмээн ярьсан юм.

-“БОТГОНД БОНУС” ХӨТӨЛБӨРТ 240,3 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОВ-

Өмнөговь аймгийн Гурвантэс, Дорноговь аймгийн Мандах сумдад 2013 оноос хойш хэрэгжиж буй “Ботгонд-Бонус” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг байна. 2019 оны хэмжээнд 2013 онд Мандах суманд 922 ботго бойжиж байсан бол 2019 онд 1487 ботго бойжиж, долоон жилийн хугацаанд нийт 7120 толгой ботго, Гурвантэс суманд 875 ботго бойжиж байсан бол 2019 онд 1052 ботго бойжиж, нийт хугацаанд 5869 толгой ботго бойжсон үзүүлэлттэй байгаа аж. "МАК" компани Мандах, Гурвантэс сумын малчдад хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 240 сая 340 мянган төгрөгийн урамшуулал олгожээ.

Жил бүр орон нутгаас зохион байгуулдаг “Тэмээний баяр”-ын бай шагналыг ивээн тэтгэдэг. Мөн Гурвантэс сумын сурлагаараа манлайлж буй гурван оюутныг жил бүр жилийн 7.05 сая төгрөгөөр тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг ажээ. Түүнчлэн өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан жил бүр сумын малчдад өвс тэжээлийн тусламж олгосоор ирсэн байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь орон нутгийн иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах, мэргэжил эзэмшүүлэх, ажлын байраар хангах, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн нийгэм, эдийн засгийг дэмжих, байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх, дотоодын ханган нийлүүлэлт худалдан авалтыг нэмэгдүүлэх, Монгол Улсын болоод орон нутгийн нийгэм, эдийн засгийг бодитоор дэмжихээр ажиллаж буй ажээ.

Мөн МАК сан сум орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх, шинээр ажлын байр бий болгоход зориулан иргэд болон аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ард иргэдийг малжуулах зорилгоор хөнгөлөлттэй зээл олгодог байна. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах МАК сангийн нийт мөнгөн хөрөнгө 105.650.000, нийт хүү 7.950.352 нийт 113.600.352 төгрөг аж. Өнөөдрийн байдлаар нийт 31 иргэн, ААН-д 233.463.910 төгрөгийн зээл олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан заалтын дагуу 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр Орон нутагтай хамтран ажиллах гурвалсан гэрээг Өмнөговь аймаг, Гурвантэс сумтай байгуулсан байна. Тус гэрээнд зааснаар, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран Баяндалай сумын төвөөс Ноён сумын нутагт “Терра энержи” ХХК-ийн тавьсан сайжруулсан зам хүртэлх 139 км замын арчилгааг хуваарийн дагуу гүйцэтгэж тайланг гаргахаар төлөвлөн ажиллаж буй юм байна.

Мөн тус аймгийн төвийн гудамжийг компанийн нэрэмжит гудамж болгон засч тохижуулах, баруун бүсэд уул уурхай явуулдаг компаниудын хамтаар “Жавхлант Орд” ХХК-ийн уурхайгаасаа барьж эхлэх автозамын тээврийн маршрутыг Гурвантэс-Олон Овоотын нисэх буудлаар дайран өнгөрөх авто зам болгон үргэлжлүүлж барих ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

-СУМЫН ТӨВД ЖИЛ БҮРИЙН ХАВАР, НАМАР МОД ТАРЬДАГ УЛАМЖЛАЛТАЙ-

Гурвантэс сумын нутагт МАК компани байгаль орчны чиглэлээр цөөнгүй ажил хийжээ. Тухайлбал, байгалийн усны эх үүсвэрийг бохирдуулах, усны ундарга буурахаас сэргийлж жил бүрийн хавар, намарт Сухантын булаг болон Хаягийн булгийн эргэн тойрны цэвэрлэгээг хийж хэвшжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын байгаль орчны мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, байгалийн үнэ, цэнийг танин мэдэх, хайрлаж хамгаалах хүсэл, тэмүүллийг төлөвшүүлэх зорилгоор сурагчдын дунд тэмцээн, уралдаан зарлаж, шилдгүүдийг шалгаруулсаар байгаа аж.

2014, 2015 оны өвөл хур тунадас бага орсны улмаас Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нурууны уулын туруутан амьтад харангадан үхэж байгаа тухай мэдээлэл ирсний дагуу манай компани 1, 2 сард хоёр удаа дөрвөн Норд автомашинаар нийт 60 тонн мөсийг янгир, аргальд тавьж өгчээ.

Өнгөрсөн 2016 онд Тост багийн Баганатын рашааны замыг Гурвантэс сумын байгаль орчны мэргэжилтэн, “Саусгобисэндс” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Чинхуа-МАК” ХХК гэсэн бусад уурхайнуудтай хамтарч, зам засах тохижилтын ажил хийсэн байна.

Гурвантэс суманд 2014 онд хаврын бүх нийтийн мод тарилтын өдөрт зориулж 100 ш чацарганы суулгац бэлэглэсэн бол сумын төвд 120 ширхэг мод жигд тарьж, хамгаалалтын хашаа барьж хүлээлгэж өгчээ. Мөн онд Гурвантэс суманд хаврын бүх нийтийн мод тарилтын өдөрт зориулж 100 ширхэг чацарганы суулгац бэлэглэсэн байна.

2015 онд Цагдаагийн тасгийн гадна талбайн ногоон байгууламжийн тохижилтод тусалж, 25 ширхэг муркрофт жигд тарьж, 30м2 цэцгийн мандалд цэцэг суулгаж өгсөн бол 2016 онд Гурвантэс сумын сургуулийн өмнөх талбайд 15 жигд, 12 харгана, 13 сухай; Боомтын гаалийн хяналтын талбайд 5 настай 12 ширхэг жигдний суулгацыг суулгасан байна. Тост нөхөрлөлийн гишүүд ирж, уурхайн ногоон байгууламжаас Жигдний 6 кг үр түүж авчээ.

Нарийн сухайтын нүүрсний уурхайн хамт олон өнгөрсөн онд Гурвантэс суманд 12 мянган мод тарьсан байна.

-БАЯЖУУЛАЛТАД ГҮНИЙ УС АШИГЛАДАГГҮЙ-

Нарийн сухайтын уурхайн нөөцийг бүрэн ашиглах, нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор баяжуулах үйлдвэрийн төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа аж. Төслийн эхний үе шат болох АНУ болон БНХАУ-ын нойтон аргын баяжуулах технологитой 1 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор эдийн засгийн үр өгөөжөө өгч эхэлжээ.

Мөн уурхайн мөргөцөг, нүүрсний агуулахаас нүүрс баяжуулах үйлдвэрийн чиглэлд тасралтгүй ажиллагаатай туузан дамжуулагчийн тээвэрлэлтийн схемийг ашиглахаар төлөвлөж байгаа аж. Жилд нэг сая тонн нүүрс боловсруулах, цаашид үе шаттай өргөтгөж, хүчин чадлыг жилд 5 сая тоннд хүргэхийг зорьж буй юм байна.

Тус компанийн удирдлагын мэдээлснээр, эхний жилүүдэд баяжуулалтад гүний ус ашиглалгүй, үерээс хуримтлагдсан нэг сая метр куб орчим усыг ашиглахаар төлөвлөжээ.

Нарийн сухайтын нүүрсний уурхай нүүрс химийн итгэмжлэгдсэн лабораторитой. Энэхүү лабораторид нүүрсний шинж чанарыг тодорхойлдог.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн ахлах технологич Г.Очирбатын ярьснаар, нүүрсийг А – Чанар сайтай, шууд экспортлох боломжтой, В – Дунд зэргийн буюу завсрын бүтээгдэхүүн, F – Чанар муутай хэмээн гурав ангилдаг байна.

F ангиллын буюу чанар муутай нүүрсийг баяжуулж, чанарыг нь ахиулдаг аж. Нүүрсийг баяжуулснаар 10-аас доош буюу 8 хувийн үнслэгтэй, 5500-аас дээш илчлэгтэй сайжруулсан нүүрс болон, зах зээлд нийлүүлэгддэг байна.

НАРИЙН СУХАЙТЫН БҮЛЭГ ОРДЫГ АШИГЛАСАН КОМПАНИУДЫН ТӨЛДӨГ ТАТВАРААС СУМАНД НЭГ Ч ТӨГРӨГ ОРДОГГҮЙ

Гурвантэс сум 1954 онд анх Тост нэртэйгээр одоогийн Сэврэй сумын 1 дүгээр баг, Ноён сумын 3, 4, 5 дугаар багууд нийлж, Улаан толгой гэдэг газар 281 өрх, 943 хүн амтай, 63,2 мянган малтай байгуулагджээ. 1959 онд орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөсний үрээр 1960 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Гурвантэс сум гэж нэрлэгдэн, одоогийн байрлаж буй Уртын дэнжид төвлөрсөн байна.

Гурвантэс сум нь засаг захиргааны анхан шатны нэгж болох 4 багтай, Сумын эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй. Сумын төвд төсөвт зургаан байгууллага үйл ажиллагаа явуулж буйгаас гадна холбооны салбар, ХААН банк, цаг уур, НИК-ийн зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд ажилладаг аж.

Сумаас 55 км-т орших Дундголын давсны уурхайгаас “Говь гурван сайхан ХХК”, “Асралт ХХК”, “Сондог нөхөрлөл” нь жилдээ 220 орчим тн давс олборлож борлуулдаг бол Гурвантэсээс 25 км-т орших Чин-Хуа Мак, Мак, “Нарийн сухайт” ХХК нь жилдээ 1722,8 мянган тонн нүүрс олборлон БНХАУ-д экспортолж буй юм байна.

Сумын цэцэрлэгт жилд дунджаар 100 гаруй хүүхэд хүмүүжиж, 15 ортой хүн эмнэлэг, 250 суудалтай Соёлын төв, номын сан, 10 хүний бүрэлдэхүүнтэй Цагдаагийн тасаг ажилладаг ажээ. Сумын 8 жилийн дунд сургууль 11 жилийн сургалттай сургууль болон өргөжин, нийт 43 багш ажилчид ажиллаж, 717 хүүхэд суралцаж буй юм байна. Мөн тус сумын нутагт хилийн цэргийн 0166 дугаар анги байрладгаас гадна Шивээхүрэнгийн хилийн боомт үйл ажиллагаа явуулдаг.

Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох хэлэхдээ “Сум орон нутгаас агаарын бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр компаниудтай хамтарч ажилладаг.

Нарийн сухайтын бүлэг ордыг ашигласан компаниуд улсын төсөвт жилд дунджаар 200 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг. Аймгийн төсөвт 10 гаруй тэрбум төгрөг ордог. Гэтэл суманд нэг ч төгрөг ирдэггүй. Экспортолж буй нүүрсний хэмжээнээс шалтгаалан тонн тутамд нь агаарын бохирдлын мөнгө суутгаж авдаг. Энэ мөнгө ч бас л “дээшээ” явчихдаг.

Нэг ч тэрбум төгрөг нь төсөл хэрэгжиж буй бүс нутгийн зам, дэд бүтцийг сайжруулахад зарцуулагддаггүй. Энэ нь хамгийн харамсалтай. Татварын хөрөнгө чухал ч төсөл хэрэгжүүлж буй бүс нутагт маш хүнд нөхцөл байдал үүсдэг” хэмээн ярив.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж