Ажлын утас дуугарлаа, авлаа. Сүхбаатар дүүргийн цагдаа н.Анхбаяр ярьж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд намайг гүтгэсэн гэж цагдаад ханджээ. Уг нь, түүнийг гүтгээгүй, харин асуулт тавьсан юмсан. Тэр нь З.Энхболд гэрч үү, матаач уу гэж! Түүний өөрийнх мэдэгдэлтэй холбоотойгоор сэтгүүлчийн хувиар тавьсан асуулт нь энэ. Тэгээд ч ширээн дээрээс өөрөө ойчсон нь Баяраа билээ.
З.Энхболдыг гэрч ч гээгүй, матаач ч гээгүй. Гэтэл яагаад “гутлаа тослоод, алчуураа зүүгээд” цагдаад очих хэрэг гарсныг ойлгодоггүй ээ, тиймээс дахиад асууя. Та гэрч үү, матаач уу. Аль эсвэл АТГ-ын зарлага уу, мөрдөн байцаагч уу. Асуултад минь хариулах хийгээд хариулахгүй байх эрх түүнд бий.
Учир нь, Ерөнхийлөгчийн Тамгын газрын том дарга ч, жирийн нэг сэтгүүлч ч адилхан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ардчилсан нийгэмд амьдарч байгаа болохоор тэр.
Өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-т очиж мэдүүлэг өгөөд гарч байгаагаа шууд лайвдсан юм. Тэр “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан талаараа мэдүүлэг өгөхдөө тухай үеийн УИХ-ын дарга намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгчээ. Эрх мэдлээ хэтрүүлэн УИХ-д хэлэлгүйгээр авчихсан энэ буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд гарч явна. УИХ-д мэдэгдэлгүй авсан гэдэг гурван жилийн өмнөх байр суурь минь одоо ч хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос З.Энхболд биш. Мөн АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ир гэж буй юм байна. Над шиг ирж мэдүүлгээ өгөөрэй. Ц.Элбэгдорж үүнийг мэдэж байсан, Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдгийг сүүлийн гурван жил өөрийнх нь УИХ дээр хэлсэн үг, хэвлэл мэдээлэлд хэлсэн үгнээс нь ойлгомжтой байгаа. Тиймээс энэ байгууллагын хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүйгээр эртхэн ирээд мэдүүлгээ өгчихсөн нь дээр” гэж хэлсэн болохоор асуусан, буруудчихаж.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, хатуу самар гэгддэг том улстөрч миний тавьсан асуултад ихэд эмзэглэсэн бололтой.
Төдийгөөс өдий хүртэл, Монголын улс төрд унаж босч ирсэн улстөрч хүний хувьд, ардчиллыг тугаа болгож ирсэн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүний хувьд З.Энхболдыг ийм эмзэг турьхан хүн байсныг нь мэдсэнгүй. Харин нөгөө "муу" экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амьдралдаа нэг ч хэвлэл, нэг ч сэтгүүлчийг шүүхэд өгч байгаагүй юм шүү, дашрамд магтахад. Өөрийг нь өдөр болгон гүтгэн доромжилдог троллуудыг хүртэл. Учир нь, тэр үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг дээдэлдэг болохоор.
Бусдын үг дааж чаддаггүй энхрийхэн, эмзэгхэн З.Энхболд дарга маань хэн нэгнийг 30 гэр бүлийн нэг, нүүрсний хулгайч, зөнөг, тэнэгээр нь дуудахдаа огтоос эмзэглэдэггүй нэгэн билээ. Сэтгүүлч би түүн шиг өөрийг нь зөнөг тэнэг, нүүрсний хулгайч гээд дуудсан бол З.Энхболдын эмзэглэн тунихыг ойлгох байлаа. Даанч хүн гүтгээгүй учраас түүнээс уучлалт гуйх шаардлагагүй юм.
Тэрбээр Хятадад Төрийн тэргүүний айлчлал дагалдаж явахдаа “УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа,Б.Элдэв-Очир нарын гишүүд Монголоор дайрах километрыг нэмэгдүүлэх сонирхолгүй, Хятадаар дайруулах сонирхолтой байна. Зүүнбаян чиглэлийн төмөр замыг эсэргүүцэж байгаа эдгээр гишүүд Монголынх биш, Хятадын парламентын гишүүд шиг санагдаж байна” гэж хэлж байсан хүн. Энэ бол жинхнээсээ бусдын нэр төрд халдсан, бусдыг гүтгэсэн Зөрчлийн хуулийн дагуу цагдаад дуудагдах үг, үйлдэл бол мөн. Тэгээд ч ЕТГ-ын дарга бусдыг гутааж болдог, жирийн сэтгүүлч асууж болдоггүй "авторитори" дэглэм тогтчихоогүй бол, цагдаад очих гэм хийгээгүй юмсан.Хэрэвзээ, хэлээгүйг хэлсэн болгож, цус, үндэс, биеийн өндөр нам, үзэл бодол, арьс өнгөөр ялгаварласан бол Зөрчлийн хуулийг зөрчсөн болох биз. Гэвч тэнд ийм өгүүлбэр огтоос байхгүй бөгөөд “Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос З.Энхболд биш. Мөн АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ир гэж буй юм байна. Над шиг ирж мэдүүлгээ өгөөрэй. Ц.Элбэгдорж үүнийг мэдэж байсан, Ч.Сайханбилэгт нөлөөлсөн” гэх өөрийн үгнээс нь үүдээд ердийн гэрч, хөгийн матаач болохыг лавласан төдий.
Үнэндээ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хууль, шүүхийнхнийг хүндрүүлэхгүйгээр “гутлаа тослоод , зангиагаа зүүгээд” очсон хүмүүс.
Ивээлдээ байлгадаг жүдочид, үзэл суртал нэг "Монгол ялна"-чуудын хамгаалалт дор Баянгол зочид буудал дотроо нуугдчихдаг эрхмийг бодвол хууль дуудсан цагт тэд очсон. Бас хэн нэгнийг зааж, чичилж өгчихөөд, гарч ирээд "Над шиг мэдүүлгээ өгөөрэй" гэж новшроогүй. Тэгэхээр З.Энхболдыг новшийн болгосон нь АТГ-ын арга заль байж болох юм. Товчхондоо, АТГ-ын мөрдөн байцаагч З.Энхболд даргыг гэрчийн мэдүүлэг өгөхөд нь айлгаж, ичээгээд “Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрыг ирж мэдүүлэг өг гэж хэл" хэмээн шахаж, дарамталсан байж мэдэхээр. Тэгэхээс З.Энхболд дарга нэгэн цагт хамтарч ажиллаж байсан ҮАБЗ-ийн хоёр гишүүнээ зааж, чичлээд "Би хараагүй, хэлээгүй, сонсоогүй" царайлаад АТГ-ын зарлага шиг "Мэдүүлгээ өг" гэж лайв хийх хүн лав биш биз. Аль эсвэл АТГ-ын мөрдөн байцаагч түүнээс арга ядаад зарлага хийхийг гуйсан ч байж болно. Иймээс З.Энхболд гэрч, матаач, АТГ-ын зарлага, аль эсвэл мөрдөн байцаагч мөн үү гэх асуултдаа хариулт авмаар байна.
Эцэст нь, З.Энхболд та эмзэг цэцэг юм уу гэж. Энэ бол дахиад асуулт шүү!
Түүний хийсэн лайвыг эндээс сонсоорой.
Холбоотой мэдээ