“Орчин цагт морь даахгүй хувин дүүрэн шүр, сувдаар чимсэн эмээл, гар даахгүй аяга хийдэг болж. Энэ бол монгол хүний хэрэгцээ, гоо сайхан хоёр зөрчилдөж буй зүйл. Тийм учраас дархны зан үйл, ёс дэгийг анхаарах ёстой” гэдгийг урлаг судлаач, доктор, профессор Л.Батчулуун гуай яриандаа онцлов.
Монголчууд өнө эртнээс төмөр хэмээх хатуу чанга эдийг уяруулж, бүтээл урладаг дархчуудыг “бурхан ухаантан” гэж дээдэлж ирсэн уламжлалтай. Монгол дархны өвөрмөц сэтгэлгээ, уран нарийн ухаан, шавхагдашгүй авьяас чадвар хосгүй үнэт өвийг бүтээдэг билээ.
Ийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг “Монгол дархны урлал, түүх орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2019.07.05/ Шинжлэх ухааны академийн хурлын танхимд зохион байгуулж байна.
ХОСГҮЙ ҮНЭТ ӨВД ДАРХДЫН 518 ШИРХЭГ ӨВТЭЙ ХОЛБООТОЙ БҮТЭЭЛ БИЙ
“Монгол дархны урлалын бүтээлүүд нь улс, аймгийн музейн биет эд өлгийн зүйлд хамаарагдаж байдаг. Нөгөө талаараа тухайн дархны арга ажиллагаа, ёс заншил, өвлөн уламжлагчийн талаарх бүртгэл мэдээлэл манай Соёлын өвийн төвд тодорхой хэмжээгээр бий. Цаашдаа сангийн баримт бичгийг дэлгэрүүлэн, нарийвчлан судлах шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд түүх соёлын хосгүй үнэт өвд 777 ширхэг дурсгал бүртгэлтэй байдаг. Энэ жилийн эрдэм шинжилгээний хурлын илтгэлд зориулан бүртгэл мэдээллийг шүүж, үзэхэд 518 ширхэг нь дархны өвтэй холбогдолтой дурсгал эзэлж байгаа юм. Тэр дундаа цутгамал хөөмөл бурхад буюу Өндөр гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийцийн 120 бүтээл хос үнэт бүтээлээр батлагдсан байдаг. Эдгээр хосгүй үнэт өвийн талаар илүү нарийвчилсан хэлбэр хийц, материалын онцлог зэрэг шинжлэх ухааны талын судалгааг хийх нэн шаардлагатай байна. Бид өнөөг хүртэл Өндөр гэгээн Занабазарын хосгүй гайхамшигтай бүтээл гэж ярьж байгаа ч тэр дахин давтагдашгүй бүтээлээ сайн судалж, мэдээгүй л байна” гэдгийг Соёлын өвийн төвийн мэргэжилтэн Ш.Энхтуяа ярилаа.
Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд буй мэдээллээр ахуйн хэрэглээнд хамаарах эд өлгийн зүйл буюу археологийн түүх, угсаатны зүйлд 53 мянган 716 ширхэг, шашны холбогдолтой 22 мянга 867, дэсийн 57 мянга 209 ширхэг буюу нийт үзмэрийн 25 хувийг эзэлдэг ажээ.
Олон улсын эрдэм шинжилгээний үеэр “Монгол дархны багаж хэрэгсэл нь зөвхөн хэрэглээг хангаад зогсохгүй зан үйлийн шинж агуулдаг. Дархан хүний гол багаж нь алх, дөш, тагли, хөөрөг зэрэг нь зан үйлийн гүн утга агуулгыг агуулсан байдаг. Жишээлбэл, дархан хүний багажийг газар хөл доор байлгах, дээгүүр нь алхахыг хатуу цээрлэдэг. Дөшийг дархчуудын ноён багаж хэмээн үзэж, битүүний оройноос шинийн гурван хүртэл идээ засч тахисаар иржээ. Гэтэл орчин цагт уламжлалт багажаар урлах арга ажиллагаа алдагдаж, үүнийгээ дагаад бүтээлийн чанарт ихээхэн өөрчлөлт орж байна” гэдгийг эрдэмтэн судлаачид хэлэлцэж байв.
Нэгэн сонирхолтой илтгэл хэлэлцүүлж байсан нь “Монголчуудын дунд төмөр цоож нь түгжиж хамгаалахаас гадна балчир хүүхдийн сахиус хамгаалалт бэлгэдлийн шинжтэй байжээ. Жижиг цоожийг хүүхдийн бариувч дээл, өлгийнд зүүж өгснөөр тухайн хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь цул төмөр шиг бат бөх байхыг бэлгэдсэн байдаг тухай Монголын Төрийн түүхийн музейн мэргэжилтэн О.Эрдэнэбадма танилцуулж байлаа.
Соёл урлагийн их сургуулийн доктор, профессор, урлаг судлаач Б.Баяртөр өөрийн “Амьтны загварт” хүрэл чимэглэлийн уран сайхны онцлог” хэмээх илтгэлдээ “Эртний хүрэл зэвсгийн үед монгол дархны бүтээлд тухайн амьтны нүд, чих, хамар, ам, туурай зэргийг дугуй цагираг, нүхээр дүрсэлдэг хэв маягтай байсан. Тухайн цаг үед амьтны дүрст хүрлийг чимэглэлээс гадна шүтлэг шүтээний зориулалтай байжээ. Харин Хүннү гүрний үеэс илүү боловсронгуй болж, амьтны дүрсийг тойруулан гонзгой, дөрвөлжин гэх мэт хэлбэртэй хүрээг хийж ирсэн” талаар танилцуулсан юм.
Холбоотой мэдээ