Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбоо хамтран өнөөдөр /2019.07.05/ амьд мал экспортлох Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
АЛИМНЫ ХАЙРЦАГТ ЮАНЬ НУУЖ ОРУУЛЖ ИРЭЭД ТОГЛОЛТ ХИЙДЭГ ХҮМҮҮСИЙН ХӨЛД МОНГОЛ УЛС ЧИРЭГДЭХ ЁСГҮЙ
УИХ-ын гишүүн, Монголын Махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж “Монголын махны холбоо болон бусад төрийн бус байгууллагууд зургадугаар сарын 11-ны өдөр Монгол Улсаас малыг амьдаар нь экспортлох гэсэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Ингээд махны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд /ХХААХҮ/ Ч.Улаантай уулзаж, эсэргүүцэл илэрхийлсний үр дүнд Монгол Улсын Засгийн газрын зургадугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар зургаан заалт бүхий хөдөө аж ахуй болон махны салбарт авах арга хэмжээний тухай 26 дугаар тэмдэглэл гаргаж, малыг амьдаар гаргах үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг салбарын сайд нь гаргасан.
Улмаар долдугаар сарын 3-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар амьд мал экспортлох асуудлыг бүр мөсөн зогсоох шийдвэрийг ЗГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байдаг. Гэхдээ У.Хүрэлсүх сайдын 2017 оны арваннэгдүгээр сард гаргасан 318 дугаар тогтоол болох “Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” гэсэн жинхэнэ тогтоолыг тус хуралдаанаар авч хэлэлцсэнгүй. Үүнийг бид зориуд орхисон гэж хардаж байна.
318 дугаар тогтоолд “Мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас, үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсүгэй” хэмээн заасан. Тус тогтоолыг хүчингүй болголгүй дахин ЗГ-ын хуралдаанаар оруулж ирэх шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд дахин даалгажээ. 318 дугаар тогтоолыг хүчингүй болголгүй удааж байгаа нь ашиг сонирхлын зөрчил байгааг харуулж байна. Нэгэн жишээ дурдахад “Арьс ширний зах зээлд БНХАУ-ын ченж нар орж ирж тоглолт хийснээр монголын бүх арьс ширний компаниуд бүгд дампуурч үүд хаалгаа барьсан. Тэд арьс, ширийг маш өндөр үнээр худалдаж авч анхан шатны боловсруулалт хийгээд буцаан урагшаа гаргадаг. Энэ хугацаанд монголын бүх арьс ширний компаниуд бүгд дампуурч арьс, ширийг ашиглахаа больсон. Өнөөдөр хонины нэхий жалганд хог шиг л хаягдаж байна.
БНХАУ малыг өндөр үнээр хэсэг хугацаанд авлаа гэж бодоход монголын махны бүх компани дампуурна. Үүний дараа үнэ тулгах бодлого явах бүрэн боломжтой. Тийм учраас үндэсний үйлдвэрлэлийн хөлийг тушсан асуудлыг эсэргүүцэж байна. Монгол улсад татвар төлдөггүй мөртлөө алимны хайрцагт юань нууж оруулж ирээд тоглолт хийдэг хүмүүсийн хөлд Монгол Улс чирэгдэх ёсгүй.
Ард иргэдэд амьд мал гаргахаа больсон мэт худлаа мэдээлэл цацаж цаагуур нь өөрсдөө мал гаргах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр амьд мал гаргах үйл ажиллагаа нууц зохион байгуулалттай хийгдэж төр засгийн удирдлага дор явагдаж байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг шаардаж байна. Шаардлагыг биелүүлэхгүй бол бид бүхэн амьд мал гаргах тогтоолтой холбоотойгоор эсэргүүцлийн өөр шатанд шилжих болно гэдгээ мэдэгдэж байна” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ