Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар зургадугаар сарын 26-ны өдөр 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь нийгэмд шуугиан тарив. Тэгвэл тэдний хоёрыг нь цагдан хорихоор болсон талаар бид мэдээлсэн.
Хэргийг тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорих арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргаад буй.
Шүүгч Э.Халиунбаярыг 2014 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр зарлигаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилж байжээ. Тэрбээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгчийн нэг бөгөөд энэ 2019 оны хоёрдугаар сараас хойш АТГ-д дуудагдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм. Түүний 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт “Жилийн орлого 38 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 20 сая, орон сууц-4, тээврийн хэрэгсэл-1, хурдан удмын адуу-1, хадгаламждаа 4.5 сая төгрөгтэй” хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шүүгчид өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа тул ийнхүү хэрэгт холбогдсон гэх.
Шүүгч Б.Цолмонбаатарын тухайд 2015 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр томилогдож байжээ. Түүний 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт “Жилийн орлого 41 сая 300, Гэр бүлийн гишүүдийн орлого 9 сая 475 мянга, нийтийн орон сууц- 1, суудлын машин-1, хадгаламж 10 сая төгрөгтэй” хэмээн мэдүүлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт сэжиглэж байгаа юм.
Үүнээс гадна авлигын хэргээр шалгуулж буй шүүгч С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулсан бөгөөд тэрбээр их хэмжээний бэлэн мөнгөтэй саатуулагдсан байж болзошгүй ажээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат Салхитын мөнгөний ордын лиценз хүчинтэй, эсэх нэхэмжлэлийг хэлэлцэхдээ бусдын нөлөөнд автсан, авлига авсан байх магадлалтай учраас эрхийг нь түдгэлзүүлсэн гэх мэдээлэл бий. Түүнд Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Шүүгч С.Төмөрбат жилийн 41 сая төгрөгийн орлоготой ч, хоёр орон сууц, мөн тооны автомашин, их хэмжээний хадгаламжийн эх үүсвэр зэргээ нотолж чадаагүйн улмаас АТГ-д шалгуулах болсон. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн зарлиг гарсны маргааш буюу өнгөрсөн сарын 27-нд Монгол Улсын хилээр гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ