Буянт-Ухаагийн ам метрийг 6000-аар тооцож түрээслүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.07-нд нийтлэгдсэн

Буянт-Ухаагийн ам метрийг 6000-аар тооцож түрээслүүлнэ

Буянт-Ухаагийн ам метрийг 6000-аар тооцож түрээслүүлнэ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнгөрсөн Пүрэв гаригт болж, иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлав. Энэхүү журамд түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулахаар тусгажээ.

Тус журамд зааснаар, нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэх юм байна. Иргэд түрээслэн суугаа орон сууцаа нийт тав хүртэлх жилийн дараа өмчлөх боломжтой ажээ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт гаргахдаа:

Иргэд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтээ дараах бичиг баримтын хамт ирүүлнэ. Үүнд:

-Иргэний үнэмлэхийн хуулбар,

-Гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт,

-Орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах

-Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэрэг багтжээ.

Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг бүрдүүлэх ёстой аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэх бол 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа Нийслэлийн засаг даргын захирамжаар сонгон шалгаруулах комисс байгуулж, тус комисс нь сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахаар журамд тусгажээ.

Сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох ажээ. Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлснөөр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийн гэрээ байгуулж, эрх нь баталгаажих юм.

Түрээсийн орон сууцыг тодорхой хуваарилалтын дагуу олгох ажээ. Тодруулбал:

-залуу гэр бүлд 20 хувь,

-төрийн албан хаагчдад 25 хувь,

-хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь,

-18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь,

-өрх толгойлсон эцэг эхэд 5 хувь,

-өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь,

-хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь,

-гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоожээ.

-ТҮРЭЭСИЙН АМ.МЕТРИЙН ҮНИЙГ 6000 ТӨГРӨГӨӨС БУУРУУЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ-

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан дээр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар түрээсийн ам.метрийн үнийг 6000 төгрөгөөс бууруулах асуудлыг “Барилга, хот байгуулалтын сайдад сарын түрээсийн төлбөрийг бууруулах санал хүргүүлсэн” хэмээн хэлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг эрэмбэлэхийн тулд олон удаагийн хэлэлцүүлэг хийсэн бөгөөд эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан саналыг үндэслэн эрэмбэлж, ангилж оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Учир нь өмнө хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдэд харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдийг түлхүү хамруулдаг учраас бусад хэлбэрийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах үүднээс журамд нарийвчлан тусгасан байна.

Б.Сүхбаатар “972 айлын орон сууцыг хүлээж авах тухай тогтоол гарсан. Дулааны асуудал дээр шийдвэрлэх зүйл бий, үүнийг Барилга хот байгуулалтын яам хариуцаад шийдвэрлэхээр болсон. Долдугаар сардаа багтаан хүлээн авна” гэжээ.

Хуралдаан дээр тэргүүлэгч Ш.Үнэнбат журмын нэршлийг оновчтой болгох үүднээс “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” гэж өөрчлөх санал гаргасныг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал нэгтэй дэмжсэн байна. Ийнхүү Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам батлагдав.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тогтоолын төслийг баталсан байна. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд, 30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах саналыг танилцуулжээ.

Улмаар 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд, 30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах тухай тогтоолын төслийг батлан гаргав.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж