Архангай аймгийн прокурорын газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран “Төмөр замын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ.
Шалгалт хийх үед тус аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэрхийн цагаан нуур”, Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэрт орших “Өгийнуур”-т усан замын тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа нийт 4 аж ахуйн нэгжийн 1 нь, 6 иргэний 4 нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ.
Мөн амралт, аяллаар явж буй иргэд хувийн бага оврын хийлдэг завь, хөвөх хэрэгсэл ашиглаж байгаа байдалд хяналт тавих, аюулгүй байдлыг нь хангах талаар нэгдсэн зохион байгуулалтай арга хэмжээ хэрэгжүүлж ажилдаггүй болох тогтоогдсон байна.
Дээрх сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс тодорхой зохион байгуулалтын арга хэмжээ авахуулах, аялал жуулчлалын идэвхтэй улиралд байнгын ажиллагаатай мэргэжлийн аврагч бүхий нэгжийг ажиллуулах талаар Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд танилцуулга, мэдээллийг хүргүүлжээ.
АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР