Хоббигоороо амьдарч буй ах дүү хоёр

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Хоббигоороо амьдарч буй ах дүү хоёр

Шивээс нь өдгөө урлагийн төрөл зүйл болтлоо хөгжсөн гэдгийг олон хүн мэднэ. Арьсны өнгөн давхарга дээр зүүгээр усан будаг болон будгаар зурах зурах урлагийг хөгжүүлэхийн төлөө хоббигоороо гар нийлэн ажиллаж буй ах дүү хоёрыг NEWS агентлаг энэ удаа онцолж байна.

Хоеул өөр, өөр мэргэжилтэй боловч шивээс хийх сонирхлоороо нэгдэн Герман улсад өөрсдийн Nomadic Inc Company нэртэй студиэ байгуулж ажиллах болсон Б.Төгөлдөр болон Мишээл нар өнөөдөр Монголдоо уг студийнхээ хоёр дахь салбарыг нээгээд удаагүй байгаа юм. Студид нь хандаж буй үйлчлүүлэгчдийн ихэнх нь муу шивээсээ засуулахаар ханддаг аж. Баянгол дүүргийн Модны-2 орчимд байрладаг тэдний салоноор зочилоход өөрсдийн бүтээлээ хананд гэрэл зураг хэлбэрээр байршуулсан нь хэр чадварлаг болохыг нь илтгэнэ.

 Ах Б.Төгөлдөр нь шивээс хийдэг ч одоогоор студийнхээ үйл ажиллагаа, маркетинг хариуцдаг бол дүү нь шивээсээрээ дагнан ажиллаж буй юм.

Б.Төгөлдөр

Б.Төгөлдөрийн хувьд Германы цэргийн армид алба хаах үедээ буву 2011 он шивээс хийж эхэлжээ. Түүний хувьд тус улсад нисэх онгоцны мэргэжлээр сурч төгссөн ч өдгөө хоббигоороо амьдарч буй нэгэн. Багаасаа зурах дуртай байсан учраас YOUTUBE-ийн бичлэгээс бие даан шивээс хийж сурчээ. Одоогоос хоёр жилийн өмнө Германд студиэ нээхэд хэн ч итгэж дэмжиж хүлээн аваагүй бөгөөд эхнэр дүүгийн хамт хуримтлуулсан мөнгө болон бусад зээлээр студиээ нээж байсан түүхтэй аж.

Түүний дүү Б.Мишээл СУИС-ийн Монгол зургийн ангийг 2016 онд төгсч, шивээс хийх чадвараа хөгжүүлэхээр Герман улсыг зорьж ах дүү хоёр өдгөө хоббигоороо амьдарч, шивээсийг урлагийн төрөл зүйл болгон Монголд хөгжүүлэхээр өөрсдийн хувь нэмрийг оруулж яваа юм. Өдгөө 25 настай Б.Мишээлийн хувьд зургаан жил шивээсээр дагнан ажиллаж буй бөгөөд оюутан болоод удаагүй, нэгдүгээр дамжаанд байхдаа л шивээс хийж эхэлсэн байна. Монгол зургийн ангид сурч байхдаа мэргэжлээсээ илүү шивээсийг сонирхох болж, уг чадвараа хөгжүүлэхээр шийдсэн нь энэ юм байна. Түүний хувьд Монгол зургийн ангийг төгссөнөөрөө шивээс хийхэд илүү давуу тал нь болсон гэнэ. Өдгөө Монголд түүн шиг мэргэжилтэй ч шивээс хийж буй артист гарын арван хуруунд тоологдох цөөхөн гэнэ.

Б.Мишээл

Ах дүү хоёрын баримталдаг зарчим бол ариун цэврийг дээд зэргээр эрхэмлэх төдийгүй чанартай будаг технологиор шивээс хийдэг. Энэ утгаараа шивээсний зүү, машин, багаж, будаг гээд бүхий л технологио Герман улсаас оруулж ирдэг тул бүгд нэг удаагийн хэрэгсэл. Тэд ариун цэвэр, чанарыг эрхэмлэдэг учраас хямд шивээс хийдэггүйгээ онцолсон. Хамгийн жижиг хэмжээтэй шивээс 40 мянган төгрөгөөс эхлэх бол хамгийн том шивээсийг 500 мянга төгрөг хүртэл үнээр хийнэ. Гэхдээ энэ үнэ харьцангуй бөгөөд шивээсний хэмжээ болон хийлгэх хугацаанаасаа хамаарч үнэ нь өөр аж. Мөн наймаас илүү цаг шивээс хийдэггүй байна.

 Ах дүү хоёр шивээс хийлгэхээр өөрсдөд нь хандаж буй хүмүүст урьдчилан цаг авахыг зөвлөдөг бөгөөд мөн ямар шивээс хийлгэх нь илүү зохимжтой тухай илүү зөвлөгөө өгч ажилладаг ч үйлчлүүлэгчдийн ихэнх нь анх удаа шивээс хийлгээд алдсан, гоо сайхнаараа тоглуулснаас болж халуун зунаар подбулкатай явахаас ичдэг зовлонгоосоо салж өмнөх шивээсээ даруулахаар ирдэг аж. Иймд ах дүү хоёр охид залууст хандаж шивээс хийлгэх артистаа урьдчилан судалж, яаралгүй мөнгөө  цуглуулж, үнэтэй чанартай шивээс хийлгэх нь чухал гэдгийг зөвлөж байв.

Тэдний ажигласнаар Монголд шивээсийг урлаг гэхээс илүү ашгийн төлөө хэн дуртай нь чанаргүй будаг, технологиор хүмүүст үйлчилдэг нь олон хүн гоо сайхан, эрүүл мэндээрээ тоглуулах шалтгаан болж буйг шүүмжилсэн билээ. Шивээсний будаг технологи, шивээсчдэд улсаас ямар ч хяналт тавьж ажилладаггүй гэнэ. Нөгөө талаас шивээс хийлгэх гэж хүмүүс тухайн артист, орчны ариун цэвэр, шивээснээс илүү үнийг чухалчилж аль болох хямд үнээр яарч шивээс хийлгэх хандлагатай байдаг нь хамгийн том алдаа аж. Тиймээс шивээс хийлгэх гэж л байгаа бол ядахдаа сарын өмнө урьдчилан тооцоолох хэрэгтэй. Түүнчлэн шивээс хийлгэх хамгийн тохиромжтой улирал нь зун биш өвөл аж. Өвөл шивээс хийлгэх нь шарх хурдан эдгэдэг бол зун наранд гарах, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг шалтгаанаас бол идээлэх, удаан эдгэх гээд олон асуудал үүсдэг аж.

Ах дүү хоёр ийн шивээсийг Монголд урлагийн төрөл зүйл болгон хөгжүүлэхээр өөрсдийн хувь нэмрээ багахан ч болов оруулахаар хоббигоо амьдрал болгосон нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж