Өмхий лагийг боловсруулж, цэцэг, хүнсний ногоо тарьжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Өмхий лагийг боловсруулж, цэцэг, хүнсний ногоо тарьжээ

Өмхий лагийг боловсруулж, цэцэг, хүнсний ногоо тарьжээ

Үндэсний их баяр наадам болоход долоо хүрэхгүй хоног үлдээд байна. Наадмын өдрүүдэд Монголд зочлох гадаадын жуулчдын тоо ч эрс нэмэгдэж, зочид гийчдийн хөлд дарагддаг билээ. Нийслэлчүүдийн хувьд Төв цэвэрлэх байгууламж дахь лагийн өмхий үнэрээ жуулчдад үнэртүүлэхгүй байхын тулд жил бүр л элдэв арга хэрэглэдэг.

Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн Төв цэвэрлэх байгууламжид 64 оноос хойш хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлж, бордоо болгохоор “Эко тайхи” компани ажиллаж, иргэдийн шүүмжлэлд өртөөд буй. Ингээд тус компанийн ажлын явц хэдэн хувьтай байгааг сонирхохоор сурвалжлага бэлтгэлээ.


ӨМХИЙ ЛАГИЙГ БОЛОВСРУУЛЖ, ЦЭЦЭГ, ХҮНСНИЙ НОГОО ТАРЬЖЭЭ

Компанийн үүдээр ороход ногоон зүлэг, өнгө өнгийн тасалгааны цэцгүүдийг алаглуулан тарьсан нь шууд нүдэнд туслаа. Энэ бүх ногоон ургамлыг Төв цэвэрлэх байгууламжид олон жил хуримтлагдсан өмхий үнэртэй лагийг боловсруулж, бордоо болгон тарьсан гэвэл та итгэх үү?

Тэгвэл маш олон удаагийн туршилт, судалгааны үр дүнд лагийг боловсруулснаар органик бодисын агууламж, ургамалд хэрэгтэй кальцийн агууламж өндөр байгааг тодорхойлж, туршилтаар хүнсний ногоо хүртэл тарьж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Лагийг эко аргаар боловсруулж, бордоо болгон хувиргаснаар хулуу, вандуй, байцаа, хаш, огурцы, помидор гээд 14 төрлийн нарийн ногоо тарьж, эхнээсээ ургаж буй нь энэ.

Энэ талаар тус компанийн чанарын менежер О.Баясгалан тайлбарлаж өгөхдөө “Манай компани 2018 оны наймдугаар сараас эхлэн Төв цэвэрлэх байгууламжийн 50, 60 жил хуримтлагдсан лагийг боловсруулж эхэлсэн. Лагийг үнэргүйжүүлэх задралын процесс дулааны улиралд улирлын чанартай явагддаг учраас өвөл ажил зогссон байхад эхний гарсан бордооноос шинжилгээ авч, бордоолог чанарын олон төрлийн судалгаа, шинжилгээг хийсэн. Судалгаа шинжилгээгээр лагийг боловсруулсан бордооноос органик бодисын агууламж болон ургамалд хэрэгтэй кальцийн агууламж өндөр гарсан. Тиймээс ургамлын өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлж байгааг судлахаар өнгөрсөн өвөл ажлын байрандаа зүлэг болон 100 гаруй төрлийн тасалгааны цэцэг тарьсан юм. Мөн оффисын гаднах талбайдаа туршилтаар 14 төрлийн нарийн ногоо, 70 орчим бут сөөг, 100 гаруй төрлийн цэцэг тарьсан” гэдгийг хэлж байлаа.

Хашаанд ургуулсан тарьмал зүлэг 30-40 см урттай ургаж, заримыг нь тэгшилж, тайраад дахин бордоо гарган авахад ашиглаж байгаа ажээ.

Хүнсний ногоог хүнсэнд хэрэглэхгүйгээр аюулгүй байдлын болон шимт чанарын үзүүлэлтүүдийг харж, байгаль орчинд хэрхэн нөлөөлөхийг туршиж үзэж байгааг агрономчид тайлбарласан юм.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт бүх тарьсан ургамал, хүнсний ногооныхоо дээжийг шинжлүүлэхэд хүн болон байгальд харшлах зүйл байхгүй гэдгийг тогтоосон гэв.

БОРДООГ ХӨРСНИЙ НӨХӨН СЭРГЭЭЛТ, ГУДАМЖНЫ ЗҮЛЭГЖИЛТЭД АШИГЛАНА

Хашаандаа долоон төрлийн талбай засч, хөрсний нөхөн сэргээлтийн туршилтыг хийжээ. Энэ удаа ДЦС-4” ТӨХК-ийн үнсний сангийн хаягдал, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн газрын тосоор бохирдсон хөрс, “Эрдэнэт” үйлдвэрийн цагаан шорооноос дээж авч, лаг боловсруулсан бордоогоор хучиж, зүлэгжүүлсэн нь үр дүнгээ өгөөд эхэлжээ.

Ингэснээр нийслэлчүүдийн “толгойны өвчин” болсон олон жил хуримтлагдсан лагаас үүдэлтэй агаар, хөрсний бохирдлыг шийдэх бүрэн боломжтой гэдгийг агрономч ярьлаа.

Мөн Улаанбаатар хотод хуримтлагдсан их хэмжээний лагийг боловсруулж, хар шороо буюу бордоо болгохоос гадна гудамжны зүлэгжүүлэлт, хог хаягдал хучих, хөрсний нөхөн сэргээлт, мод тарихад ашиглах боломж бүрдэх гэнэ.

Мөн хашаандаа шилэн хоргон дотор гэр хорооллын нүхэн жорлонгийн бохирыг, бактерт үртэстэйгээ үелж хийгээд бордоо болгон боловсруулж буй туршилтыг хийсэн харагдав.

НААДМААР ӨМХИЙ ҮНЭР ГАРГАЖ БОЛОХГҮЙ УЧРААС АЖЛАА ТҮР ЗОГСООЖЭЭ

Тус компани нь “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, эко бордоо үйлдвэрлэх” төслийн хүрээнд Барилга хот байгуулалтын яамны захиалгаар 2018-2019 онд нийтдээ 720 мянган шоо метр лагийг үнэргүйжүүлж, бордоо болгохоор ажиллах юм байна. Энэ ажилд Барилга хөгжлийн төвөөс хяналт тавьж ажилладаг гэнэ.

Одоогоор “Эко тайхи” компани лаг боловсруулах нийт төслийнхөө 80 хувийг гүйцэтгээд байна. Энэ жил боловсруулж дуусгах нийт 720 мянган шоо метр орчим хур лагийг хоёр жилийн хугацаанд бүрэн дуусч, боловсруулна.Тэгэхээр Төв цэвэрлэх байгууламжаас гарах өмхий үнэрийн асуудал байхгүй болно гэдгийг тус компанийн менежер Ш.Болдсайхан хэлсэн юм.

Тэрбээр “Лаг үнэргүйжүүлэх ажил гурван янз бий. “Эко тайхи” компанийн зүгээс Улаанбаатар хотоос ирж буй шингэн лагийг долдугаар сарын 10 хүртэл аваад гэрээ дуусч байгаа. Мөн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан 44 картын лагаас 39 лагийг нь сулласан. Одоо үлдсэн таван картын лагийг наадмын дараагаас долоо хоногийн дотор авч дуусна” гэв. Биднийг очиж сурвалжлага бэлтгэхэд “Эко тайхи” компанийн ажлыг түр зогсоосон байсан юм.

Учрыг асуувал “Манай компанийн зүгээс чадах бүх зүйлээ л хийж байна. Сая Төв цэвэрлэх байгууламжийн үлдсэн таван карт дахь лагийг цэвэрлээд, ачих байсан чинь  “Баяр наадам болж байна. Өмхий үнэр гаргаж болохгүй” гээд бидний ажлыг түр зогсоогоод байна. Учир нь олон жил хуримтлагдсан лагийг хутгах явцад яалт ч үгүй өмхий үнэр гарна. Тийм учраас бид баяр наадмаар өмхий үнэр гаргахгүйн тулд энэ жилийн сулласан 14 картын хана, шалыг гар аргаар нэг бүрчлэн цэвэрлэж байна. Дараагаар нь бактертай үнэр дардаг бэлдэцээ тарааж, үнэргүйжүүлнэ

Бас бидний өнгөрсөн жил сулласан картуудад манай ашигтай бактерыг хийлгүйгээр шууд лаг шахсан байгаа. Тэр картуудад тандалт явуулж, зургаан картыг үнэргүйжүүлэхээр хучих ажлыг эхлүүлэх гэж байна. Өнөөдөр гэхэд Нисэх, Яармаг руу өмхий үнэр үнэртээд байна гэдэг гомдол ирсэн. Энэ үнэр нь Төв цэвэрлэх байгууламж өдөр тутмын лагаа карт руугаа шахсаны дараа лаг явсан хоолойгоо агаараар үлээлгэдэг. Дөнгөж сая энэ асуудлыг ярилаа. Тэгэхээр маргаашийн хурал дээр яам тамгын газрын мэргэжилтнүүдтэй өөрсдийн саналаа хэлж, ярилцах болно” гэсэн хариултыг өглөө.

Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж