Г.Занданшатар “Гамшигт өртсөн Эрхүү мужийнханд туслах сайн санааны аян өрнөж байна” гэв | News.MN

Г.Занданшатар “Гамшигт өртсөн Эрхүү мужийнханд туслах сайн санааны аян өрнөж байна” гэв

Г.Занданшатар “Гамшигт өртсөн Эрхүү мужийнханд туслах сайн санааны аян өрнөж байна” гэв

Г.Занданшатар “Гамшигт өртсөн Эрхүү мужийнханд туслах сайн санааны аян өрнөж байна” гэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын дарга В.А.Павлов тэргүүтэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Орос хоёр орны хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр амжилттай өрнөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.

УИХ-ын гишүүд болон аймаг, орон нутгийн удирдлагууд Буриадад тогтмол айлчилж, ажил хэргийн хэлхээ холбоогоо өргөжүүлж байгаа нь хоёр улсын харилцаанд, түүний дотор, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны өргөжилтөд чухал нөлөө үзүүлж байна. Тухайлбал, 2018 онд хоёр талын худалдааны эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрч, түүн дотор Монгол, Буриадын хоорондох бараа эргэлт 44 сая ам.доллараар хэмжигдэж байгаа нь өмнөхөөс өссөн үзүүлэлт юм. Ийм амжилт ололт байгаа хэдий ч илүү өндөр түвшинд хүргэх боломж, нөөц бидэнд бий. Түүнийг ашиглах ёстой гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ.

Тэрбээр 2019 он манай хоёр орны хувьд Халхын голын хамтын ялалтын 80 жил, УБТЗ-ын 60 жил, Атрыг эзэмшсэний 60 жил гээд онцгой түүхэн ой тохиож буй, тэмдэглэлт жил. Халх голд бидний нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Шинэ тосгон босож байна. Энэ ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр бид бэлтгэлээ базааж байгаа гэв.

Ноён В.А.Павлов манай хоёр орон найрамдал нөхөрлөлийн он удаан жилийн түүхтэй бөгөөд үүнийг уламжлан хөгжүүлж, нандигнан хадгалах нь хойч үеийнхний үүрэг. Буриад, монголчууд бол угсаа гарваль нэгтэй ахан дүүс. Тиймээс харилцаа, хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд, бүх салбарт, харилцан ашигтай хөгжүүлэхийг бид эрмэлздэг хэмээн онцоллоо.

Тэрбээр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн санал санаачилгыг дэмжин, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголоос мах экспортлох, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах, монгол залуусын орос хэл сурах сонирхлыг хоёр талаас дэмжих, аялал жуулчлалыг онцгой анхаарч, Байгаль нуурын ай сав газарт амралт сувиллын газар байгуулж ажиллуулах зэрэг асуудлыг хөндөж ярилаа.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр Буриад Улс Алс Дорнодын тойрогт хамаарах болсон нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сайхан боломж мөн гэдгийг уулзалтын үеэр хоёр тал санал нэгтэй тэмдэглэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Эрхүү мужийн нутаг дэвсгэр усанд автаж, олон мянган айл өрх орох оронгүй болж, хүний амь нас эрсэдсэнд харамсаж байгаагаа илэрхийлээд, ОХУ-д болон Эрхүүд их, дээд сургуульд суралцаж төгссөн монголчууд санаачилж, Эрхүү мужийн анд нөхдөдөө туслах хүмүүнлэгийн сайн санааны аян өрнүүлж эхэлснийг мэдэгдэв. Тэрбээр “Бид анд нөхөдтэйгээ ямар ч үед хамт байна. Хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг маргааш ОХУ-ыг зорино. Бид орон гэргүй болсон айл өрхийн 100 хүүхдийг энэ зун Улаанбаатарт хүлээн авч зусланд амраахаар шийдвэрлээд байна” гэлээ.

ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын дарга В.А.Павлов зовж зүдэрсэн хүмүүст өгөөмөр сэтгэл, тусламжийн гараа сунгаж байгаа монгол нөхдөдөө гүн талархал илэрхийлье. ОХУ-ын Засгийн газраас шуурхай шийдвэр гаргаж, усанд автсан нутгийн иргэдэд туслах, нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэхүү гамшгийн хор уршгийг бид богино хугацаанд даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Уулзалтад УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь, ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын гишүүн В.П.Доржиев, А.Г.Кушнарев, В.А.Малышенко, С.М.Пашинский, Г.Д.Гунзынов, А.В.Бардунаев, Б.Ч.Батуев, В.Ж.Цыремпилов нарын зэрэг хүмүүс байлцав.

УИХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж