
Албан бус статистикаар манай улсын 30 гаруй мянган иргэн Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа аж. Нэг үеэ бодоход яаж ийж байгаад хил давчихвал гэсэн иргэдийн тоо цөөрсөн гэж байна. Үүнд хоёр улсын холбогдох яамны үзэглэсэн гэрээ их нөлөө үзүүлсэн бололтой. Хуваарьтай шалгалтыг нь өгөөд хууль ёсны дагуу хил гарчих гэсэн иргэдийн тоо харин буураагүй байна. Энэ жил Солонгос улсын хөдөлмөрийн биржээс 3100 гаруй ажлын байрны санал иржээ.Энэ квотод тааруулан түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн иргэдээ авсан байна. Шалгалтын босго оноо 80 гэж байлаа. Гэхдээ 80 оноо авсан хүн өөрийгөө тэнцсэн гэж ойлгож болохгүй аж. Учир нь босго онооноос эхлэн жагсаагаад хамгийн өндөр оноотой 3000 иргэнийг сонгож авах юм байна. Мөн хэлний шалгалтандаа тэнцсэн хүн шууд л хил давнаа гэж өрөөсгөл ойлгож болохгүй гэсэн үг. Учир нь Солонгос улсын хөдөлмөрийн бирж дээр манайхаас гадна 11 орны ажилчдын нэрс байрлаж байгаа. Таны нэр сонгогдтол хүлээх шаардлагатай гэнэ. Хэрвээ Солонгосын хөдөлмөрийн биржид байрших нэг жилийн хугацаандаа сонгогдож амжаагүй бол дахиад нэг жил байрших эрхээ сунгаж болдог аж. Энэ жилийн хувьд Солонгос улсын хөдөлмөрийн биржээс жижиг дунд үйлдвэрийн 3000 ажлын байрны захиалга харин хөргөх байгууламжийн 100 гаруй ажлын байрны захиалга ирсэн байна.
Б.Цолмон