Манай улсад энэ сарын 4-нөөс 19-ний өдрүүдэд “Далай ээж” олон улсын эко-соёлын аян зохион байгуулагдах гэж байна. Энэхүү аяны хүрээнд гадаад, дотоодын урлаг соёлын хамтарсан тоглолт, уран зургийн үзэсгэлэн, дуудлага худалдаа, эрдэм шинжилгээний бага хурал болно. Энэ тухай мэдээллийг уншигч та бүхэндээ хүргье.
-Яагаад Хөвсгөл нуураа хамгаалах ёстой вэ?
-Хөвсгөл нуур бол Монголын хамгийн гүн, цэнгэг устай нуур. Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг. Дэлхийд өнөөдөр 1,1 тэрбум хүн цэвэр усны дутагдалд орж, өдөрт дунджаар 4500 хүүхэд нас барж байна. Хэрэв бид Хөвсгөл нуураа хамгаалахгүй юм бол эко системийн тэнцвэр алдагдаж, усны хомсдолд орохыг ч үгүйсгэхгүй. Ийм учраас “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, "Түгээмэл эрх хөгжил”, “Дөрөв дэх өнцөг”, “Захиргааны шинэ санаачилга” зэрэг ТББ-ууд Олон улсын байгаль хамгаалагч, судлаач, уран бүтээлчидтэй хамтран Хөвсгөл нуураа дэлхийд сурталчлан таниулах ажлыг санаачлан, зохион байгуулахаар болжээ. Ингэснээр Хөвсгөл нуурыг “ЮНЕСКО”-гийн соёлын өвд бүртгүүлж, одоо үүсээд байгаа, цаашид гарч болох асуудлаас хамгаалж чадна хэмээн тэд үзэж байгаа юм. Эко системийн даацыг тооцолгүй хоёр дахин их буюу 117 бааз Хөвсгөл нуурыг тойрон үйл ажиллагаа явуулж буй нь хөрсний бохирдол үүсч, тоосонцрын хэмжээ нэмэгдэх гол шалтгаан болж байна.
-Яаж хамгаалах вэ?
-Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхэд дараах үндсэн гурван шаардлагыг хангасан байх ёстой.
Үүнд:
- Хосгүй гайхамшигтай
- Дахин нөхөгдөшгүй
- Унаган төрхөө хэвээр хадгалсан зэрэг орно.
Хөвсгөл нуур бол энэ үндсэн шаардлагыг хангаж байгаа гэж төслийн багийнхан үзэж байна. “Хамгийн чухал нь манайд ийм гайхамшигтай өв соёл, байгалийн тогтоц байна шүү” гэж олон улсад харуулахад уг аяны зорилго оршиж байгаа талаар төслийн санаачлагч, хуульч Б.Баярмаа онцолсон юм. Үүний тулд тэд соёл, урлагаар дамжуулан байгаль орчноо хайрлаж, хамгаалах сэдлийг өгч байгаа юм. Нэг ёсондоо урлагаар дамжуулан бид Хөвсгөл нуураа хамгаална гэсэн үг.
-Урлагаар яаж дамжуулах вэ?
-Энэхүү аян энэ сарын 4-нөөс 19-ний өдрүүдэд Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хатгал гэсэн чиглэлээр явж, уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, уран зургийн үзэсгэлэн, дуудлага худалдаа, эрдэм шинжилгээний бага хурал болох юм. Аянд АНУ, Франц, Англи, Австрали, Индонейз, Бангладеш, Балба зэрэг 8 орны 25 уран бүтээлч, байгаль хамгаалагч, судлаачид оролцоно. Тухайлбал: Франц улсын дуучин, ая зохиогч Тикал Дэ Мерү, Австрали улсын хөгжимчин Сабпримал, Англи улсын зураач, уран барималч Саймон Бак зэрэг юм. Харин Монгол Улсын уран бүтээлчдийг СТА, дуучин С.Наран ахалж, МУГЖ, дуучин Ө.Уянга, СТА Т.Дэлгэрмөрөн, этник-рок чиглэлийн “Тритон” хамтлаг, зураач С.Машбат нар оролцож байгаа гэнэ. Уг тоглолт долдугаар сарын 9-ний өдөр “On’n Off” продакшны байранд болно.
Аяны хүрээнд Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач С.Машбат, чөлөөт уран бүтээлч Ц.Амарсайхан, Австрали улсын уран зураач Бенжамин Ноа, Непал, Бангладешийн уран барималч Рити Махаржан, Анисул Хакэ нарын уран зургийн дуудлага худалдааг зохион байгуулах юм.
Ц.АРИУНЗАЯА