2019 онд 33.9 тэрбумыг эмийн хөнгөлөлтөд зарцуулна

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

2019 онд 33.9 тэрбумыг эмийн хөнгөлөлтөд зарцуулна

2019 онд 33.9 тэрбумыг эмийн хөнгөлөлтөд зарцуулна

Эрүүл мэндийн даатгалын сангаас зарим эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр олгох болсон талаар өнөөдөр /2019.07.04/ ЭМЯ-наас хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

2018 онд батлагдсан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24 дүгээр тогтоолын дагуу нийтдээ 33,9 тэрбум  төгрөгийн хөнгөлөлттэй эмийг 1026 эмийн сангаар түгээж байгаа аж. Ахмадуудын дунд янз бүрийн өвчлөл их байдаг.

-30-80 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТЭЙ ҮНЭЭР ЭМ ОЛГОЖ БАЙНА-

Нэг ахмад настан дор хоёр ба түүнээс дээш эм худалдан авч уудаг аж. Энэ нь тэтгэврийн насныханд эдийн засгийн дарамт болдог  байна. Тиймээс ахмад настанд хүргэж байгаа эмийн үнийн хөнгөлөлтийг нэмэгдүүлэх асуудлыг салбарын яам анхаарч үзээд, зарим эмийг 80 хүртэлх хувиар хямдруулах зорилт тавьж буй юм байна. Нийт хөнгөлөлттэй эм хэрэглэгчдийн 58 хувь нь ахмад настан байдаг аж. Ахмадуудын авдаг дийлэнх эмүүд нь зүрх судасны өвчинд уудаг эм аж. Өнгөрсөн 2018 онд эмийн хөнгөлөлтөд зориулж, 28,9 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд таван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 33,9 тэрбум төгрөгийг зайлшгүй шаардлагатай эмийн хөнгөлөлтөд зарцуулжээ.

2017 онд зайлшгүй шаардлагатай эмийн наймдугаар жагсаалт, хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн нэгдүгээр  жагсаалтыг баталсан бол 2018 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталжээ.

Уг журмыг энэ оны нэгдүгээр сарын 15-наас  эхлэн мөрдөж эхэлсэн бөгөөд насанд хүрэгчдийн 638 нэрийн эмийг 20-92%, 0-5 настай хүүхдийн 174 эмийг дунджаар 50-80% хүртэл хөнгөлжээ. Нийт 812 эмэнд хөнгөлөлт үзүүлж байна. Шинэчилсэн жагсаалтаар зүрх судасны эмгэг, даралт бууруулах, ходоод элэг, цөсний өвчний үед зонхилон хэрэглэх болон тархины цусан хангамж сайжруулах зэрэг өргөн хэрэглээний 62 нэрийн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмж, 17 нэрийн эмийг шинээр нэмсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага 2018 онд 800 гаруй эмийн сантай гэрээтэй эмийн үнийн хөнгөлөлтийг үзүүлж ажиллаж байсан бол  2019 онд 1026 болж  нэмэгдсэн аж.

Нийслэлийн эмийн сангуудын 20 гаруй хувь нь хоёр долоо хоногоос дээш хугацаагаар эмийн үнийн хөнгөлөлтийг үзүүлж ажилдаг юм байна.

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын байгууллага  шинээр үйл ажиллагаа явуулахдаа цахим системийг  нэвтрүүлсэн. Тодруулбал, хамгийн түрүүнд Эрүүл мэндийн даатгалын байгууллага цахим жорыг нэвтрүүлсэн байна. Ингэснээр хаана, хэн гэдэг иргэн ямар эмч дээр очиж, ямар онош тавиулж, ямар эм бичүүлснийг, аль эмийн сангаас хэдэн төгрөгөөр авсныг бүрэн хянах боломжтой болжээ.

-ЗАЙЛШГҮЙ  ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЖАГСААЛТЫГ ГУРВАН ЖИЛ ТУТАМД ШИНЭЧИЛДЭГ-

Монгол Улс зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг анх 1991 онд баталсан байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэж эхэлснээсээ  хойш өнөөг хүртэл найман удаа шинэчлэгдэн баталжээ. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг гурван жил тутамд шинэчлэн баталдаг талаар ЭМЯ-аас мэдээлсэн .

Улсын хэмжээнд 2833 орчим өрхийн болон хоёр, гуравдугаар шатны эмч нар цахим систем дээр эмийн үнийн хөнгөлөлтийн  жор бичиж олгодог. Нэг жилийн хугацаанд давхардаагүй тоогоор 665 мянган иргэн байнгын тогтмол цахим жорыг бичүүлж, хөнгөлөлттэй эмийн тусламж үйлчилгээнд хамрагдаж байна гэсэн судалгаа гарчээ.

Ойролцоогоор 2,4 сая цахим жорыг  систем бүртгээд түүний дагуу санхүүжилт болон нийгмийн тусламж үйлчилгээг тэгш  хүртээмжтэй хүргэх хяналтын процессыг уг системээрээ дамжуулж хийж байгааг салбарын яам хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

 Х.ДАГИНАС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж