Хойд Солонгосын нийслэл Пёньянд байдаг Ким Ир Сэний нэрэмжит их сургуульд утга зохиолын чиглэлээр суралцаж байсан Австралийн оюутан Алек Сигли мягмар гариг /2019.06.25/-аас хойш гэрийнхэнтэйгээ холбоо барилгүй сураггүй болсон тухай өмнө нь мэдээлсэн. Сүүлд тус улсад баривчлагдан саатуулагдсан нь тодорхой болоод байсан юм.
"Алек Сиглиг Пёньяны эрх баригчид сулласан" хэмээн Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр /2019.07.4/ мэдэгджээ. Гэхдээ яг ямар шалтгаанаар түүнийг баривчлан саатуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тэрбээр одоогоор Хойд Солонгосоос гарч, Хятад улсад ирээд байгаа аж. Өрнөдийн орнуудаас ганцаараа Пёньянд Элчин сайдын яамтай Швед улс Австралийн талын хүсэлтээр сураггүй болсон оюутныг суллуулах арга хэмжээ авсан байна. Скотт Моррисон иргэнийг нь суллуулахад дэмжлэг үзүүлсэн Шведийн засгийн газарт талархлаа илэрхийлжээ.
Өдгөө 29 настай Алек Сигли нь хамгийн анх 2012 онд Хойд Солонгост хөл тавьснаас хойш хэд хэдэн удаа очиж байсан аж. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Пёньянд амьдарч, Ким Ир Сэний их сургуульд Солонгосын утга зохиол судлалаар мастерын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа ба сурахын хажуугаар тус улсад ирсэн жуулчдад хөтөч хийдэг байжээ. Тэрбээр өөрийгөө Хойд Солонгост амьдарч буй цорын ганц австрали хүн хэмээн гэрийнхэндээ хэлсэн удаатай аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ