-1300-гаад км замын бүтээн байгуулалтыг төсөлдөө тусгаад явъя гэдэг асуудал яригдсан-
Уул уурхайн сайд Р.Жигжидээс дараах тодруулгыг хийлээ.
-Засгийн газар Тавантолгой төслийг татахаар болж, дахин өргөн мэдүүлэх болж байна. Гэрээнд ямар өөрчлөлтүүдийг тусгах бол. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн үү?
-Засгийн газар өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаараа Тавантолгой төслийг эргүүлэн татаж, шинээр дахиад төсөл өргөн мэдүүлэхээр тогтсон. Төсөл нэлээн хүрээгээ тэлсэн хамтын ажиллагаа байх төлөвтэй байна. Эхний төсөлд төмөр замыг консерциумд эзэмшүүлээд явах, 30 жил болоод 51 хувиа аваад, үлдсэн хувь дээрээ хөрөнгө гаргаад буцааж авах ч юм уу, концессоор эзэмшүүлээд явах хувилбар тусгасан байсан. Сүүлд ярьсан хувилбараар бол төмөр замыг эхнээс нь Монголын төмөр зам 51-ээс доошгүй хувийг эзэмшээд явах.
Ордын хувьд баруун зүүн Цанхиас гадна Тавантолгойн бүлэг орд гэж ярьдаг тэдгээрийг хамтад нь ашиглах, түүн дээрээ стратегийн хөрөнгө оруулагчийг татаж оруулж ирэх.
Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгасан 1300-гаад км замын бүтээн байгуулалтыг төсөлдөө тусгаад явъя гэдэг асуудал яригдсан. Мөн иргэдэд тараасан 1072 ширхэг хувьцааг амилуулах. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эргэлтэд оруулах.
Ингэхдээ өмнө гарсан УИХ-ын тогтоол, шийдвэрүүдтэй нийцүүлж, төслийг дахин өргөн мэдүүлэхээр болсон.
-Уул уурхайн экспортын орлого тогтмол бууж байна. Энэ нь үнэ унасантай холбоотой юу, эсвэл үйлдвэрлэлийн хэмжээг буураад байна уу?
-Үйлдвэрлэлийн тоо хэмжээ буураагүй. Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ унасан учраас орж ирэх орлого буурсан. Нүүрсэн дээр бид их анхаарч байна. Гэхдээ цаашид үнэ унахгүй болов уу, бага зэрэг үнэ өсөх эерэг төсөөлөл байна. Япон болон барууны орнуудын шинжээчдийн гаргасан таамаглал юм, энэ бол. Мэдээллийг нь тогтмол авч үзэж байна. Мөн бид нүүрсний экспорт, эрдэс баялгийн экспортлогчдын оролцуулсан уулзалтыг хоёр долоо хоногт тутамд хийж, мэдэлэл солилцож байна.
-“Чалько” компанийн өр яагаад төлөгдөж дуусахгүй байна вэ?
-“Эрдэнэс тавантолгой” компанийн “Чалько”-д төлөх өр 140-өөд сая ам.доллар. Үүнд цаад зах зээлийн байдал нөлөөлөөд байна. Сүүлийн үед худалдан авалт буурсан нь улам хүндрэл учруулах болсон. “Эрдэнэс тавантолгой” компанийн уурхайд бэлтгэсэн нүүрс маш их байгаа.
-“Чалько” компанийн хувьд хүү авч байгаа болохоор алдах юмгүй байх шиг. Харин манайд улам ачаалал үүрч байна?
-Хүүгийн төлбөр ч бай, үндсэн зээлийн төлбөр ч бай адилхан дарамттай. Хүү нь хоёроос гурван төрлийн ангилалтай байсан. Өөрөөр хэлбэл, эхний үед нь өрөө төлсөн бол ачаалал бага байсан. Сүүлдээ хүндэрч байгаа. Уг нь өрөө хурдан төлсөн бол бидний хувьд ачаалал бага авах байсан.
-Тавантолгойн ордоос 1700 жил ашиглах хийн нөөц илэрсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар Уул уурхайн яаманд мэдээлэл байна уу. Судалгааг хэзээнээс эхэлсэн байдаг юм бол?
-Судалгаа өнгөрсөн оны дунд үеэс эхэлсэн. Солонгосын төрийн өмчит компани эхлүүлсэн юм.
Энэ ажлыг бодит болгохын тулд хууль эрх зүйн хувьд нь дэмжиж, Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгараад байгаа.
Өнгөрсөн онд УИХ-аас Газрын тосны тухай хуульд уламжлалт бус газрын тос гэдэг шинэ ухагдахуун оруулсан. Занарын хий, байгалийн хий, нүүрс хүчилтөрөгчийн хий агуулсан бүтээгдэхүүнийг хэлээд байгаа юм, уламжлалт бус газрын тос гэдэгт.
Дээрх хуульд занарын хайгуулын үед өрөм тавьж болно гэдэг заалт оруулсан. Харин хий хайх үед өрөм тавьж болно гэдэг заалт ороогүй. Гэтэл хий хайх үед заавал өрөмдлөг хийх шаардлагатай байдаг. Энэ эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх юм бол энэ ажил эрчимжих боломжтой.
-Эдийн засгийн хувьд хэр өгөөжтэй юм бол, нөөцийн тухайд?
-Судалгаа хийх шаардлагатай. Нөөц нь хэд байна вэ, өртөг ямар байх вэ гээд энэ бүхнийг судалж байж тодорхой болно. Урьдчилсан байдлаар 51 тэрбум орчим таамаг нөөцтэй гэдгийг тогтоосон. Нарийн тогтоохын тулд өрөм тавих шаардлагатай. Холбогдох нүүрснийхээ давхаргын метан хий чанар зэргийг тодорхойлох лабораторийн туршлагыг эхлүүлсэн. Гол нь өрөмдлөгийн ажил хийсний дараа нөөц тогтооно, үүнийг Эрдэс бөаялгийн мэргэжлийн зөвлөлөөс баталгаажуулна. Олборлолт, ашиглалтынхаа ажилд орно. Ингэсэн цагт богино хугацаанд Улаанбаатар хотыг утаагүй хийн түлшээр хангах боломж бүрдэнэ.
Г.ДАРЬ