"Варнер Брос" компани Рок-н-Роллын хаан Элвис Преслигийн амьдрал, уран бүтээлийг харуулах намтарчилсан киног хийхээр болжээ. Тус киног “Агуу Гетсби”, “Австрали”, “Мулен Руж”, Леонардо Ди Каприогийн тоглосон “Ромео + Жульетта” зэрэг киногоороо алдаршсан Австралийн кино найруулагч Баз Лурманн найруулах аж.
Уг киноны төсөлд жүжигчин Том Хэнкс аль хэдийн орсон байгаа бөгөөд Элвис Преслигийн домогт менежер Том Паркерын дүрийг бүтээхээр болжээ. Энэхүү кинонд Элвис Преслигийн алдрын оргил үе, Паркер түүний амьдралд хэрхэн нөлөөлж амжилтад хүргэсэн зэрэг зүйлсийг голчлон харуулах аж.
Тус киноны гол дүр Элвис Преслигийн дүрийн шалгаруулалтад Майлс Теллер, Энсел Элгорт, Аарон Тейлор-Жонсон, Харри Стайлс, Аустин Батлер зэрэг таван залуу жүжигчин орсон тухай "Холливүүд Репортер" сэтгүүл мэдээллээ.
Энэхүү таван жүжигчнээс сонгогдох хамгийн магадлалтай жүжигчин бол Майлс Теллер. Тэрээр царайны хувьд домогт дуучинтай адилхан, мөн “Виплаш” кинонд маш чадварлаг тоглосон билээ.
“Жаал хүү жолооч”, “Бидний оддын алдаа” зэрэг киноны гол дүрүүдийг бүтээсэн Энсел Элгорт. Түүний хувьд жүжигчин, бас дуучин бөгөөд Элвис Преслигийн царайтай төстэй, хувирах боломжтойд тооцогдож байгаа аж.
Аарон Тейлор-Жонсоны хувьд Алтан бөмбөрцөг шагналтай, “Кик-Асс”, “Годзилла”, “Авенжерс: Ултроны эрин үе” зэрэг кинонуудаараа олонд танигдсан бол 2009 онд дэлгэцнээ гарсан "Битлз" хамтлагийн дуучин Жон Ленноны намтраар бүтээгдсэн “Nowhere Boy” киноны гол дүрд тоглож байсан туршлагатай юм.
Дуучин, дуу зохиогч Харри Стайлс 2010 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа бол 2017 онд Кристофер Ноланы “Дюнкерк” кинонд муугүй жүжигчин гэдгээ харуулаад амжсан.
Аустин Батлерын хувьд олон кинонд туслах дүр бүтээсэн бол дэлгэцийн анхны том дүр нь Квентин Тарантиногийн найруулсан “Холливудад нэгэн удаа” кинонд Текс Ватсоны дүрийг бүтээж буй юм.
Б.ЦОЛМОН
Холбоотой мэдээ