Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар өнөөдөр /2019.07.04/ мэдээлэл хийлээ.
ЭРЛИЙЗ МОРЬДЫГ МОНГОЛ МОРЬДООС ТУСАД НЬ УРАЛДУУЛНА
Хурлын эхэнд Хурдан морины салбар хорооны дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Хурдан морины уралдааныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2015 оны долдугаар сарын 1-нд гаргасан эрлийз морьдыг монгол морьдоос тусад нь уралдуулах журмын хүрээнд зохион байгуулна. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, дэг журам зэргийг анхааран ажиллана. Долдугаар сарын 10-ны өдөр Хязаалан, Шүдлэн, 11-ний өдөр Азарга, Их нас, 12-нд Соёолон, даага уралдана.
Энэ сарын 13-нд уяачдын наадам болно. Эрлийз гурван нас болоод жороо морины уралдаан болно. Хурдан морь үзэхээр хүлээж буй иргэд, наадамчин олондоо зориулан "Морьтон монголчууд" үзүүлэх тоглолт, хос морины уралдаан, шүхрийн буултын үзүүлбэр зэргийг зохион байгуулна. Тухайн жилийн нөхцөл байдлаас хамаараад нас насны ангилалд уралдах замыг зааж өгдөг. Энэ жилийн хувьд даага 11 км, шүдлэн 15 км, хязаалан 17 км, соёолон, азарга 22 км, их нас 25 км-ээс уралдана” гэж хэллээ.
-ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ХУРДАН МОРИНЫ ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ БОРЛУУЛНА-
Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул “Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудллаар хуульд заасан бүх үйлчилгээг үзүүлнэ. Хүүхдийн хамгааллын хувцас хэрэглэлийг стандартад заасны дагуу шаардана. Бэлтгэлгүй ирсэн, хамгаалах хэрэгслээ мартсан, орхисон зэрэг уяач, унаач хүүхдүүдэд боломж олгох үүднээс Хүй долоон худагт хамгаалалтын хувцас хэрэглэл борлуулдаг ААН-үүдийг ажиллуулахаар болж байгаа. Уяачид бүртгүүлэх гэж ирэхдээ унаач хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эцэг эхээс нь зөвөөрөл авсан хуудас, даатгалын гэрээ зэргийг бүрэн байлгах хэрэгтэй” гэв.
Мөн “Манай ажлын хэсэг уралдах морьдын үйлдвэрлэг байдлыг ялгах үүрэг хүлээн ажиллаж байна. Холбогдох хууль, дүрэмд заасны дагуу Азарга, Соёолон 140 см, Их нас 141 см, Хязаалан 137 см, Шүдлэн 132 см, Даага 127 см өндөр байх заалтыг нарийн баримталж ажиллана. Баяр наадмын үеэр эрлийз морьдыг уралдааны талбайд оруулах, хэл ам гаргах зэрэг асуудлыг хурдан морины салбар комисс хүлээн авахгүй. Бид шуурхай, шударга ажиллана” гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл хэлж байв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ