
Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулах үүднээс мастер төлөвлөгөө боловсруулан хотын төвтэй ойролцоох гэр хорооллын айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр утаагүй зуух олгох ажлыг өнгөрсөн жилүүдэд хийсэн. Төслийн зууханд хамрагдсанаар утааны асуудал буурч байгаа ч хангалттай хэмжээнд хүртэл утааг бууруулж чадахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс гэр хорооллын алслагдсан багуудын айл өрхүүдэд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх үүднээс 2 тарифт тоолуурыг айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр суурилуулах ажлыг аймаг орон нутгийн зүгээс шийдэж байгаа юм байна. Энэ нь цаашид гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан халаалтад шилжүүлэх бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил юм.
Хоёр тарифт тоолуурын зах зээлийн үнэ 35000-90000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа бөгөөд иргэд хоёр тарифт тоолуурыг ашигласнаар 21:00 цагаас 06:00 цагийн хооронд ашиглаж буй цахилгааны 1квт-ыг 70 төгрөг болгон хямдруулан худалдан авах боломжтой юм. Одоогоор 2 тарифт тоолуурыг нийлүүлэх ААН-ийн тендер зарлагдаагүй байна. Тоолуур худалдан авахад нийт 200 сая төгрөг зарцуулагдах бөгөөд тус хөрөнгө худалдан авах ажиллагааны албанд очсон боловч хөгжлийн бодлогын хэлтсээс гаргасан тоолуурын үзүүлэлтэд тавигдах техникийн нөхцөл зарим талаараа дутагдалтай байгаа гэдгийг хэлж байна.
Тиймээс худалдан авах ажиллагааны албанаас “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон Стандартчилал хэмжил зүйн хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагуудад хандсан бөгөөд энэ долоо хоногтоо багтан мэргэжлийн байгууллагуудаас хариу ирэх юм байна. Тендерийг улсын хэмжээнд нээлттэй зарлах бөгөөд энэ сард багтан зарлагдана гэж худалдан авах ажиллагааны албанаас хэллээ.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
