Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Тэрбээр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод сар гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд зээлийн багцын чанарт анхаарч ажилласнаа тодотголоо.
Хөгжлийн банкыг тойрсон гурван том асуудлын нэг нь Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй, томоохон дүнтэй зээлүүдийг хэрхэн төлүүлж шийдвэрлэх, Хоёрдугаарт, зээлийн санхүүжилтэд тавигдах шаардлагыг өөрчлөх, гуравт зээлийн багцын чанарыг сайжруулах явдал юм.
2019 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт актив 4 их наяд 244 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 1 их наяд 138 тэрбум төгрөг, пассив 3 их наяд 106 тэрбум төгрөг байна. Дээрх тайлант хугацааны байдлаар зээлийн үлдэгдэл 2 их наяд 577 тэрбум төгрөг, эрсдэлийн сан 336 тэрбум төгрөг байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
-"ХӨТӨЛ” КОМПАНИЙН АШИГЛАЛТАД ОРСОН ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРЬЦААНД АВНА-
Чанаргүй том зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин хэлэхдээ "Эрэл компани 2015 оноос хойш зээлийн төлбөрөө төлөөгүй. Эрэл компанид олгосон зээлийг эргэн төлүүлэх хүрээнд Засгийн газрын хамтарсан комисс байгуулагдаж, тус компанийг төрийн өмчит хамтарсан компани болгох эсэхийг судалж байна. Хэрэв төрийн өмчит хамтарсан компани байгуулахгүй гэвэл шүүхэд хандаж зээлийг төлүүлнэ.
“Мон лаа” компанийн хувьд шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулж, зээлийн эхний төлөлт хийгдсэн. Энэ онд зээлийг бүрэн төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. "Хөтөл" компанийн ашиглалтад орсон үйлдвэрийг улсын комисст хүлээлгэн өгч, Хөгжлийн банк зээлийн барьцаанд авахаар ажиллаж байна. Хэрэв ажил удааширвал шүүхээр асуудлыг шийдвэрлүүлнэ" гэлээ.
Цаашид хөгжлийн банк зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлого хангасан төсөл, хөтөлбөрт санхүүжилт олгох хүрээнд зээл хүсэгчид тавигдах шаардлага нь өөрчлөгджээ. Тухайлбал, хуулийн шаардлагын тухайд экспортын бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэдэг байх, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын Хөгжлийн бодлоготой нийцсэн байх, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх, ТЭЗҮ, зураг төсөл, төсөв хийгдсэн байхыг шаардана. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгчийн туршлагыг давхар харгалзан үзнэ.
20 тэрбум төгрөгөөс дээш зээл олгох, зээлийн дээд хэмжээ нь төслийн нийт өртгийн 85 хувиас хэтрэхгүй байх. Зээл олгохдоо хар жагсаалтыг мөрдөж ажиллана. Мөн эрчим хүчний салбар, ХАА-н салбар, уул уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэдгийг зээлийн бодлогын шаардлагадаа тусгажээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
–Нэр дурдагдаагүй бусад ААН-үүд зээлээ хэрхэн төлөх вэ?
-Том төслүүдийн тухайд тухайн төлөвлөсөн хугацаандаа борлуулалт нь орж ирдэггүй, эсвэл төслийн хэрэгжих хугацаа нь хойшлогдох зэрэг янз бүрийн шалтгаан байдаг. Зээлийн хугацаа хэтрэх асуудал арилжааны банкуудад ч түгээмэл. Хамгийн гол нь санхүүжилт олгосон тухайн төсөл нь ирээдүйд ашгаа хэрхэн өгөх, хэр үр өгөөжтэй төсөл вэ гэдэг нь чухал. Хэрэв ирээдүйд эдийн засгийн хувьд боломжтой тохиолдолд яаж зээлийн нөхцөлийг өөрчлөх, яаж зээл төлөлтийг хэвийн байдалд оруулах вэ гэдэг дээр ажиллаж байна.
-“Эрэл” групп нийт хэчнээн төгрөгийн зээл авч, түүнээсээ хэд төгрөгийг нь төсөлдөө зарцуулсан бэ?
-132 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлээс 100 тэрбум нь үндсэн зээл, 32 тэрбум төгрөг нь хуримтлагдсан хүүгийн төлбөр. Авсан зээлийн дийлэнх нь тухайн төсөлдөө зарцуулагдсан байдаг.
-Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, эргэн төлөөгүй ААН-үүдийн жагсаалтад "Төрийн Орон Сууцны Корпораци" бий. ТОСК-ийн зээлийг барагдуулахад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-ТОСК-ийн зээл дотроо 3-4 хуваагдсан байдаг. Өөр өөр зориулалттай зээлүүд гэсэн үг. Тус зээлүүдийн эргэн төлөлтийг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн яамтай ярилцаж байна.
-“Хөтөл”, “Мон лаа” компанийн чанаргүй зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байгаа вэ?
-“Хөтөл” компанийн зээлийн үлдэгдэл 236 тэрбум төгрөг, “Мон лаа” компанийн зээлийн үлдэгдэл 8.3 тэрбум төгрөг.
–Шалгалтаар ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан зөрчил илэрсэн. Хэдэн төгрөгөөр, ямар эх үүсвэрээр объектыг худалдан авсан юм бэ?
-Энэ талаар хангалттай мэдээлэл, дүгнэлтүүд гарсан байдаг. Энэ байрыг 27 тэрбум төгрөгөөр худалдаж авсан юм билээ. Өнгөрсөн хугацаанд болсон зүйлд би нэмж хариулт өгөх шаардлагагүй байх гэж бодож байна. Нэгэнт л худалдаж авсан бол Хөгжлийн банкны өмч.
Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат:
– Хөгжлийн банкны байрыг худалдан авах асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад хэрэгсэхгүй болгосон. Өнгөрсөн гуравдугаар сард энэ асуудлыг дахин сэргээж өгөөч ээ гэдэг хүсэлтээ хууль хяналтын байгууллагад явуулсан. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтынхаас асуух нь зүйтэй. Бидний зүгээс өндөр өртөгтэй байр авсныг буруушааж байгаа. Гэхдээ өмнө нь шийдвэр гарсан байсан учраас үүнийг зөв шийдвэр байсан эсэхийг шалгах хүсэлтээ өгсөн.
-Хөгжлийн банк арилжааны банкуудад хэдий хэмжээний чөлөөт эх үүсвэр байршуулсан бэ?
– Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад 440 тэрбум төгрөгийн эх үүсвэр Төв банкны үнэт цаас хэлбэрээр байршиж байна. Мөн 300 тэрбум төгрөг хадгаламж, дамжуулан зээлийн эх үүсвэр хэлбэрээр байна.
-Та Засгийн газрын урилгатайгаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон. Засгийн газраас өгсөн чиглэлүүдийг ажил хэрэг болгоход танд хэр хугацаа шаардагдах вэ?
-Миний хувьд надад зургаан хугацаа өгөхийг хүссэн байгаа. Үүссэн асуудлуудад тодорхой шийдэл гаргаж, үр дүнд хүргэхээр ажиллана. Хэрвээ би зургаан сарын хугацаанд хүссэн хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй бол сольж, чөлөөлж ч болно. Түүнээс бол надад өөр ямар нэгэн санаа байхгүй. Зарим хэвлэлүүд намайг сонгуульд нэр дэвшинэ, улс төрд орно гэж бичсэн байна лээ. Надад ямар нэгэн улс төрийн амбиц байхгүй. Хорин жил банк санхүүгийн байгууллагаар явсан хүний хувьд юу харж улс төр рүү тэмүүлэх вэ. Карьерын хувьд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын алба надад том сорил юм. Энэ сорилыг хүлээж авч хийх нь хувь хүний хувьд сонирхолтой байгаа.
-Хөгжлийн банк ашигтай ажиллаж чадаж байна уу?
-Одоогийн байдлаар ашигтай ажиллаж байна. Гэхдээ зээлийн эрсдэлийн санг нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
Холбоотой мэдээ