Үндсэн хууль:Хуульчдын холбооны санал

Хуучирсан мэдээ: 2019.07.15-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль:Хуульчдын холбооны санал

Үндсэн хууль:Хуульчдын холбооны санал

Монголын Хуульчдын холбоо УИХ-аар хэлэлцэгдэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал хүргүүлсэн байна. Саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүйн Байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга С.Бямбацогт нарт хаяглан хүргүүлжээ. Саналыг бүрэн эхээр нь нийтлэв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөл 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болон 07 сарын 01-ний өдөр тус тус хэлэлцэж, тодорхой саналууд гаргасныг нэгтгэн хүргүүлж байна.

Нэг. Төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцвэрийн хүрээнд:

1.Төслийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий  сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх эрх мэдлийн хязгаарыг хэрэгжүүлэгчид өөрсдөө давж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хавсран гүйцэтгэснээр төрийн эрх мэдлийг тэнцвэргүй болгон будлиантуулж, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сулруулсан. Иймээс Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэхийг бүрэн хориглох нь зүйтэй юм. Энэ талаар   Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 1996, 1998, 2000 онд гаргасан шийдвэрүүдийг харгалзан үзэх шаардлагатай.

Хоёр. Шүүх эрх мэдэлтэй холбоотой зохицуулалтын хүрээнд:

1.Төслийн тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэнэ.” гэж тоо заасныг өөрчлөхийг хүсэж байна. Нийгмийн харилцаа өргөжиж, өдөр бүр эрх зүйн шинэ харилцаа үүсэж улмаар эрх зүйн маргааны шинэ төрлүүд нэмэгдэхээр байгаа нь цаашид дагнасан шүүхүүд бий болох хэрэгцээ хандлага ажиглагдаж  байна. Одоо Улсын Дээд шүүхэд 3 танхим байгаа ч танхим дотроо дагнан төрөлжих асуудал  гарахыг үгүйсгэх аргагүй. Иймд Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн тоог  хатуу тогтоож, хязгаарлах боломжгүй юм. Түүнчлэн өнөөдөр байгаа хорин нэгээс илүү тооны шүүгчдийг ямар шалгуураар хэрхэн өөрчлөх нь тодорхойгүй байна.

2.Төслийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  “… Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно.” гэж заасан нь шүүгчийн хараат бус байх зарчмыг хөндөж, Үндсэн хуулиар баталгаажуулсан суурь зарчимд эрсдэл үүсгэж болзошгүй байгааг анхаарч, хугацаа зааж байгаа Үндсэн хуулийн зохицуулалтыг эргэж харах нь зүйтэй гэсэн саналтай байна. Дэлхийн энх тайвны олон Улсын холбооноос 2008 онд баталсан Шүүхийн бие даасан байдлын олон улсын стандарт буюу Монт Скопусын стандартын 4.3-т “шүүгчийн томилгоо хугацаагүй байх бөгөөд гагцхүү томилогдох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсон тохиолдолд шүүгчийг үүрэгт ажлаас чөлөөлөх нь зохистой” гэж зөвлөснийг харгалзан үзэх шаардлагатай байна.

3.Төслийн “Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор томилгооны сонсгол хийж Улсын Их Хурал нийт гишүүний олонхийн саналаар есөн жилийн хугацаатай томилно. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилохыг хориглоно.” гэсэн заалтын Улсын дээд шүүх 3-ыг санал болгохдоо Монгол Улсын нийт шүүгчдийн зөвлөгөөнөөс хуульчдыг нэр дэвшүүлж сонгож санал болгох нь хамгийн оновчтой хувилбар болно гэж үзэж байна. Мөн жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арван таваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж найруулахдаа “улс төрийн өндөр мэргэшилтэй байх” гэдгийн “улс төрийн” гэдгийг авсныг анхаарч үзнэ үү? Өөрөөр хэлбэл, одоо байгаа томьёоллыг сулруулах эрсдэл байна. Үндсэн хуулийн цэцэд улс төрийн шинжтэй, төрийн эрх мэдлийн хуваарилалтад хамаарах шинж бүхий зөрчил, маргаан ирдэг Үндсэн хуулийн цэцэд ирдэг учир төр барих ухаанаар мэргэшсэн хуульч байх шаардлагатай юм.

4.Төслийн дөчин есдүгээр зүйлийн тав дахь хэсэгт “5.Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараах журмаар байгуулна: 1.Шүүхийн ерөнхий зөвлөл арван гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана; 2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилно. Тэдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна; 3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус тус дотроосоо сонгоно; 4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, гишүүдийн олонхийн саналаар сонгоно.” гэсэн заалт Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэхдээ “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Хууль зүй дотоод хэргийн яам, Монголын хуульчдын холбоо, Хүний эрхийн үндэсний комиссоос тус бүр нэг нэг хүнийг нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилно” гэж өөрчлөн найруулах саналтай байна.

Гурав. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын талаарх зохицуулалтын хүрээнд:

1.Төслийн тавин есдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт “2.Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал мөн. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно. 3.Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.” гэсэн нь Үндсэн хуулийн агуулгатай нийцэхгүй байна. Агуулгын өөрчлөлт хийх бол шинэчилсэн найруулга хийх шаардлагатай. Энд төлөөлөгчдийг сонгох асуудлыг ч бас өөрчилж байна. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль гэж явахгүй, сум, дүүргээс сонгогдсон төлөөлөгч нь аймаг, нийслэлийн төлөөлөгчөө хавсран хийх ойлголт байна. Жишээ нь, ХУД-ийн иргэдийн Хурлын төлөөлөгч бөгөөд нийслэл Улаанбаатар хотын иргэдийн Хурлын төлөөлөгч гэдэг ийм давхар дээлтэй Төлөөлөгч гарч ирэх нь байна. Аймаг, нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэж байхгүй болох нь. Энэ нь Үндсэн хуулийн тавин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт байгаа “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэсэн үндсэн концепцтой  зөрчилдөх эрсдэлтэй байна.

2.Төслийн жардугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт “2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно. 3.Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Сум, дүүргийн Засаг даргын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэсэн нь нутгийн удирдлага нь өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг мөн л зөрчих нөлөөллийг бий болгож, сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгочих юм бол аймаг, нийслэлийн Засаг даргад захирагдахгүй олон дарга гарч ирэхийг үгүйсгэхгүй. Түүнчлэн тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэсэн зохицуулалтыг оруулсан нь Үндсэн хуулийн эх баригч, профессор Б.Чимидийн “Үндсэн хуулийн үзэл баримтлал” бүтээлдээ дурдсан “Багийн иргэдийн нийтийн хурал бол нутгийн өөрөө удирдах ёсны хамгийн анхдагч бөгөөд шууд ардчиллын “хольцгүй” хэлбэр юм” гэснийг анхаарч, Монгол Улсын хувьд ардчиллын анхдагч элемент болсон иргэдийн Нийтийн хурлыг үгүйсгэж байгааг анхаарч үзнэ үү.

Дөрөв. Бусад

1.Төслийн Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно. Төрийн албаны чадахуйц зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна.” гэснийг Үндсэн хуулиар биш Үндсэн хуульчилсан хуулиар\органик хуулиар\зохицуулах шаардлагатай юм. Үүнийг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулсан. 1992 оны шинэ Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэж заасныг, мөн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 10 дахь хэсэгт ”…Аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно…” гэж заасныг давтсан, мөн зөрчилдөж болзошгүй байгааг харгалзан Үндсэн хуулийн зохицуулалтад оруулахгүй байх саналтай байна.

2.Төслийн 2 дугаар зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.” гэж нэмж байгаа нь Үндсэн хуулийн одоо байгаа зохицуулалттай давхцаж байна. Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн нь төрөөс байгалийн баялгийг ашиглах үндсэн үнэт зүйл, үзэл баримтлалыг тогтоож өгсөн бөгөөд “төрөөс” гэдэг тодотголын зарчмуудыг Үндсэн хуулийн  нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн нь төслийн нэмэлттэй утга санааны хувьд давхацсан байна. Мөн Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4-д “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн байгаа билээ. Дээрх нэмэлтийн төсөлд байгаа давхцаагүй нэг санаа нь “тогтвортой хөгжлийг хангах” гэсэн санаа бөгөөд Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэнэ” гэсний дагуу 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан “Тогтвортой хөгжил – 2030 хөтөлбөр”-ийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс  албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжүүлж эхэлсэн. Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) нь 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилттойгоор батлагдсан билээ. Эдгээрийг Монгол Улсын төр, Засгийн газрын гэрээгээр хүлээсэн үүрэг хэмээн үзэж заавал биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь олон улсын өмнө хүлээсэн Засгийн газрын үүрэг юм. Тиймээс ч Монгол Улсын Их Хурал  2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 19 дугаар тогтоолоороо МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-2030 баталж дараагийн олон алхмуудыг хэрэгжүүлж байгаа билээ. Иймээс давтан заах шаардлагагүй, харин ч Монгол Улсын Үндсэн хууль уг асуудлыг урьдчилан харж чадсан байна.

3.Төслийн Арван есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “1.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна. 2.Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг болзлыг хуулиар тогтооно.” гэж нэмэлт оруулж байгаа нь одоо байгаа Үндсэн хуулийн заалтад хамааралтай давтсан утга санаа байна. Үндсэн хуулийн арван зургадугаар  зүйлийн 10-д “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ…” гэсэн байгаа нь улс төрийн намтай холбоотой асуудлыг органик буюу Үндсэн хуулиар хуульчилсан хуулиар зохицуулагдах боломжтойг харуулж байна. Заавал “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах боломжгүй юм. Энэ нь “иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмыг  хөндөж байна. Хүний эрхийг хязгаарласан заалтыг Үндсэн хуульд оруулах боломж хязгаарлагдмал байдаг билээ. Тухайн асуудлыг “Улс төрийн намын тухай хууль” болон “Улс төрийн санхүүжилтийн тухай хууль”-аар зохицуулдаг жишиг дэлхийн олон улсад байна. “Улс төрийн санхүүжилт” гэдэг ойлголтын хүрээнд улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийг хамтад нь зохицуулдаг практик олон улсын төвшинд ажиглагдаж байна. Харин дэлхийн зарим улсын Үндсэн хуульд “улс төрийн намыг хууль зөрчсөн тохиолдолд ердийн шүүх болон Үндсэн хуулийн шүүх тараадаг” зохицуулалт байдаг билээ.  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийж, намын дотоод зохион байгуулалт, хөрөнгө орлогын эх сурвалж, түүний зарцуулалтыг ил тод болгох асуудлыг зохицуулах боломжтой юм. Мөн Улс төрийн санхүүжилтийн тухай шинэ хууль боловсруулан гаргаж, улс төрийн намын болон сонгуулийн үеийн санхүүжилтийн журмыг тогтоон төрөөс улс төрийн намд сонгуулийн өмнө, түүнчлэн сонгуулийн үр дүнгээр болон нэр дэвшигчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам, нөхцөлийг тогтоож, түүнийг хэрэгжүүлж чадвал улс төрөөс бизнесийн сонирхлыг салгах, улс төрийн нам болон нэр дэвшигчдийг мөнгөний барьцаанд оруулдаг одоогийн буруу практикийг өөрчлөх боломжтой гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж