Наадам тойрсон асуултуудад хариуллаа

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Наадам тойрсон асуултуудад хариуллаа

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажилтан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан танилцлаа. Энэ үеэр наадам тойрсон цөөнгүй асуудал, асуултад албаныхнаас хариулт авснаа хүргье.

Гадаадын “од”-ыг урихгүй

Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн хиймэл зүлгийг энэ жил цэнгэлдэхэд дэвссэн. Хиймэл зүлэг дэвссэн нь бөхчүүдэд хальтрах, унах эрсдлийг бий болгож байна гэж багагүй шүүмжлүүлж буй. Үнэндээ өмнөх зүлэг бол бороо орохоор ус тогтоод, бөхчүүд усан дээр барилдсанаас жинхэнэ хальтирдаг байсан. Харин энэ зүлэг бол ямар нэгэн эрсдэл, сөрөг нөлөөгүй. Хиймэл зүлэг дэвсэх мөнгийг улсын төсвөөс гаргаагүй гэдгийг ч онцолъё” гэсэн юм.

Мөн тэрээр “Гадны хамтлаг, дуучныг өндөр үнээр урьж авчрахгүй, Монголын урлаг соёлын дуучин, хамтлагууд наадмын өдрүүдэд төв талбайдаа тоглолтоо наадамчдад хүргэнэ” гэдгийг хэллээ.

Худалдаа, үйлчилгээ явуулах эрхийг маргаашнаас /V.25/ олгоно

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хуушуур болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрлийг аль болох иргэдэд олгох чиглэлийг өгсөн гэнэ. Хүй долоон худагт хуушуур худалдаалах зөвшөөрөл 200, хүнсний бараа худалдаалах 80 орчим, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур хийж зарах 500 орчим зөвшөөрлийг иргэдэд олгоно. Наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, шинжилгээний хуудас, тогоочийн мэргэжлийн үнэмлэх, асар майхны зураг зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн харъяа дүүрэгтээ хандах хэрэгтэй аж.

Наадмын тасалбарыг 16-24 мянган төгрөгөөр худалдаална

Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг ирэх долдугаар сарын 6-наас эхлэн худалдаалж эхэлнэ. “Наадмын тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэр гаргасан. Саравчтай хэсэгт суух тасалбар 24 мянган төгрөг, наран талдаа суух суудлын тасалбар 16 мянган төгрөг” гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга М.Отгонбаяр хэлсэн юм.

"Наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд нам, эвслийн дуу эгшиглэхгүй"

"Энэ жилийн баяр наадмын урлагийн тоглолт, арга хэмжээний нэг онцлог нь төрийн хүндэтгэлийн концертийг ирэх долдугаар сарын 10-ны 15.00 цагт Чингисийн талбайд зохион байгуулах юм. Нээлтийн арга хэмжээд таван мянган гаруй хүн оролцоно, аль нэг нам, эвслийн сүлд дуу хөгжим эгшиглэхгүй" гэж Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар онцоллоо.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж